Уншиж байна ...

З.Нарантуяа: Засгийн газар олон мега төсөл зарласан ч нэгдсэн төслийн удирдлагын механизм манайд байдаггүй

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 1 сарын 6
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хөгжлийн банкны өнөөгийн нөхцөл байдал, үйл ажиллагаатай холбоотойгоор Гүйцэтгэх захирал З.Нарантуяа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкны үйл ажиллагаа, олон улсын хөгжлийн санхүүгийн үйл ажиллагаа, хөгжлийн банкны шинэчлэлийн талаар болон хуулийн нэмэлт өөрчлөлт болон шийдлийн талаар танилцуулав.

Энэ талаар З.Нарантуяа "Хэдийгээр зарим нэг өр төлбөр нь төлөгдсөн ч манай банк дээр одоог хүртэл чанаргүй зээл байна. Бидний гол сэтгэл зовоож байгаа зүйл бол банк балансын хувьд агшсан. Тодруулбал 2017 онд 5.8 их наяд төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй байсан бол өдгөө 2.3 их наядын актив хөрөнгөтэй банк болсон.

Үүний 56 тэрбум төгрөгийг нь  чанаргүй зээл эзэлж байгаа. Өнгөрсөн хугацаанд ихэвчлэн орлоготой буюу буцааж төлөх чадвартай зээлүүд төлөгдсөн бол чанаргүй зээлүүд нь одоог хүртэл төлөгдөөгүй үлдсэн. 2021 онд Монголбанкны акт тавигдах үед чанаргүй зээлийн тоо 47 байсан нь өнөөдөр 27 болж буурсан ч нийт зээлд эзлэх хувь нь 57.5 хувь байна.

Зээл нь чанаргүй учраас Засгийн газрын зүгээс эрсдэлээс сэргийлэхийн тулд 400 тэрбум төгрөгийн сан нэмж байгуулах шаардлага үүсэж мэдэхээр байгаа. 

Энэ нөхцөл байдлыг хоёр долоо хоногийн өмнө Засгийн газарт танилцуулсан. Үүний дагуу хоёр тогтоол гаргахаар бэлдэж байна.

Эхнийх нь банкны дүрмийн санг 700 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх хоёрдугаарт төртэй холбоотой буюу төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн зээлийн багц нь 800 гаруй тэрбум төгрөг бий. Энэ зээлийг яаралтайгаар төлүүлж байж балансын хувьд тэнцвэржих боломжтой болох юм" гэв.

"Ийм хэмжээний эргэлтийн хөрөнгөтэй, ихэнх нь чанаргүй зээлтэй байж улсын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх боломжгүй"

Мөн үргэлжлүүлэн Хөгжлийн Банк шинэчлэгдэх зайлшгүй шаардлагатай байгааг Гүйцэтгэх захирал онцолсон. 

Тэрбээр "Ийм хэмжээний эргэлтийн хөрөнгөтэй, ихэнх нь чанаргүй зээлтэй байж Монгол Улсын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлнэ гэж ярих боломжгүй зүйл.

2024 онд Монгол Улсад санхүүжилт хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн хувьд нийт 13 их наяд төгрөгийн санхүүжилт хийгдсэн. Үүнээс улсын төсөвт 3.3 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бол дотоодын хөрөнгийн зах зээлээс 2 их наяд, арилжааны банкны санхүүжилт 4.9 их наяд, гадаадын шууд хөрөнгө оруулалттай 2.9 их наяд төгрөгийн санхүүжилт орсон.

Манай банкнаас гаргаж буй зээл бол улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлж байх ёстой. Гэтэл бид нар санхүүгийн хувьд тогтвортой бүтцээр ажиллахгүй байгаа тул энэ гаргаж буй мөнгөний үр ашиг нь харагдахгүй байна. 

Ажилгүйдлийн хэмжээ, нийгэмд тулгарч буй асуудлууд хэвээрээ байгаа. Аливаа улсад санхүүгийн зөв зохистой бүтэц бүрдэж байж төслүүд үр дүнгээ өгдөг.

Түүхий эдийн үнээс хамаарч манай эдийн засаг байнга тогтворгүй байдаг. Тиймээс бид зөвхөн уул уурхайгаас хамааралтай бус олон салбараас орлого бүрдүүлэх зорилготой. Харамсалтай нь өнөөдрийн байдлаар манай улсын нийт төсвийн орлогын 45 хувийг уул уурхайн салбар бүрдүүлж байна.

Нийт экспортын 95 хувийг зөвхөн уул уурхай, түүхий эд эзэлж буй. 

зураг
 

Манай Засгийн газар олон төсөл хэрэгжүүлнэ гэж зарладаг боловч энэ төслүүдээс аль нь хэрэгжих вэ, хэн үүнийг хэрэгжүүлэх вэ гэдэг нэгдсэн төслийн удирдлагын механизм манайд байдаггүй. 

Уг нь Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн орлого нь татвараа төлөөд улсын төсөв юм уу, Үндэсний баялгийн санд хуваарилагдаад, сан нь өөрөө зөв механизмаар удирдагдаад үүнээс илүү гарсан орлого, үр ашгаар энэ төсөл, хөтөлбөрийн судалгаа, дэд бүтцийн бэлтгэл ажил нь хангагдаж явбал гадаадын хөрөнгө оруулагч нарын итгэлийг нэмэх ёстой юм.

Ямар ч хөрөнгө оруулагч хүн үр ашиггүй төсөлд хөрөнгө зарахгүй" гэв.