Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-өөс томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Энэ үеэр Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн эмч Б.Энхтайван томуу, томуу төст өвчний хүндрэлийн талаар дараах мэдээллийг өглөө.
Томуугийн дэгдэлт эхэлснээс хойш амьсгалын замын синцитиал вирус, томуугийн H1N1 хэв шинжийн вирус давамгайлж байгаа юм байна. Томуугийн H1N1 хэв шинжийн вирус нь уушгийг хүчтэй гэмтээдэг. Бусад эрхтэн рүү хүндрэл өгдөг хоруу чанар өндөртэй вирус аж.
Ханиад томуу бол амьсгалыг хямраадаг өвчин. Амьсгал болохгүй болоод ирэхээр бүх эд, эрхтэнд хүндрэл үүсгэдэг. Хүчилтөрөгчгүй бол үндсэн бодисын солилцоо мууддаг гэдгийг тэрбээр онцлов.
Ханиад томуунаас болоод хүүхэд яагаад тархины дутмагшилд ордог вэ?
Хүчилтөрөгч дутагдсаны улмаас нүүрсхүчлийн хий CO2 ихэснэ. Улмаар тархины судсыг тэлж шаар үлээхээр хана нь нимгэрдэг шиг тэлсэн судасны хана нэвчинхий болно. Түүгээр цусны ийлдсүүд тархи руу шүүрнэ. Шүүрсний улмаас тархи хавагнаж, гавлын даралт ихсэж татна, ухаан санаа сарнихаас эхлээд ухаангүй болно.
Амьсгалын дутагдалтай байж байгаад тархины дутагдлаар нэмж хүндэрч байна гэсэн үг.
Энэ үед эрчимт эмчилгээ зайлшгүй хэрэгтэй болно. Уг хүндрэлд бага настай, сульдаатай, хэт тарган, зүрхний гажиг, тархины саажилттай, дархлаа султай, архаг хууч өвчтэй хүүхдүүд хамгийн түрүүнд өртөнө. Хэрэв тусламж үйлчилгээ авахгүй бол тархи хавагнан гавлын нүхээр чихэгдэн орж амьсгал, зүрхний төвийг дарах аюултай. Иймд энгийн ханиад томуу гэж огт бодож болохгүй гэдгийг тэрбээр сануулав.
Ханиад хүндэрвэл олон эрхтний дутагдал буюу хүүхдийн гэдэс хямарна, элэг хямарч цус алдана, бөөрний дутагдал зэргээр хүндэрдэг.
Иймд маскаа зүүх, гараа угаах, ариутгах, хүн хоорондын зайг барих, вакциндаа хамрагдах зэргээр дэглэмээ сахихыг зөвлөв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!