Уншиж байна ...

Гадаадын хөрөнгө оруулалтыг шүтэхийн учир

ikon.mn
2025 оны 1 сарын 3
IKON.MN

Бадралынх ам бүл дөрвүүл. Геологич болж их сургуулиа төгссөн ч мэргэжлээрээ шууд ажилд орж чадаагүй тул компьютер тоглоомын газарт ажиллах болов. Хадмындаа амьдарч байсан тул цалингаараа шинэхэн төрсөн охиныхоо живхийг ямар ч байсан залгуулж хүрээд байдаг байж. Мэдээж энэ байдлаараа удаан амьдрах хэцүү учраас мэргэжлийнхээ ажлыг хайж байгаад "Оюу толгой" компанийн шалгаруулалтад тэнцэх нь тэр. Ингээд Бадралын гэр бүлийн амьдрал мэдэгдэхүйц өөрчлөгдөж, орлого нь дөрөв дахин нэмэгдсэн учраас залуу гэр бүл хуримтлал үүсгэж, дөрвөн жилийн дараа гэхэд шинэ баригдсан орон сууцнаас гурван өрөө байр авах урьдчилгаа мөнгөө бүрдүүлж чаджээ.

Энэ бол нэг л гэр бүлийн бодит амьдрал. "Оюу толгой" төсөл зөвхөн энэ гэр бүлээс гадна мянга мянган залуусын сайхан амьдрах мөрөөдлийг биелүүлэх хөшүүрэг болж, олон бизнес хөл дээрээ зогсож, цаашлаад Монгол Улсын эдийн засагт маш том нөлөө үзүүлсэн мега төсөл, гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт билээ. Бадрал өнөөдөр ажилдаа мэргэшээд зогсохгүй компьютерын шинэ ур чадваруудад суралцан, албан тушаал ахиснаас гадна харилцаа, багаар ажиллах бусад ур чадварыг төгс эзэмшсэн үнэ цэнтэй боловсон хүчин болж төлөвшжээ.

Энд "Оюу толгой" төслийг биш, гадаадын хөрөнгө оруулалт хэрхэн нэгэн гэр бүлийн амьдралд очиж нөлөөлдгийг онцлохыг хүссэн юм. Яагаад гэвэл Монгол Улсад 1990 оноос хойш орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт(ГШХО)-ын 87% буюу дийлэнх нь тус төслийн хөрөнгө оруулалт байгаа учраас бид үгүйсгэх аргагүй. Манай улс жижигхэн. Зөвхөн 2011-2012 онд 5.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт уул уурхайн салбараар дамжин Монгол Улсад орж ирэхэд эдийн засаг 17% хүртлээ өсөж, дэлхийд шагшигдаж байсан бол улс төрийн нөхцөл байдлын улмаас хөрөнгө оруулагчдыг үргээсэн нь ГШХО-ын урсгал зогсож, эдийн засгийн өсөлт 1% хүртлээ унаж байсныг улсаараа харсан.

Өөрөөр хэлбэл, Монгол шиг хөгжиж байгаа, үйлдвэрлэгч биш орны хувьд эдийн засгаа богино хугацаанд эрчимтэй өсгөж, ажлын байр олноор бий болгох гарц нь ерөөсөө л гадаадын шууд хөрөнгө оруулалт юм. 

Уул уурхайн салбарт гадаадын их хэмжээний хөрөнгө оруулалт орж ирсний хүчээр Монгол Улс буурай орны ангиллаас гарч, хөгжиж байгаа орны тоонд багтсан. Тодруулбал, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 1%-ийн өсөлт эдийн засагт 0.76%-ийн бодит өсөлт авчирсан бөгөөд үүний 0.22 нэгж хувь нь Оюутолгойн хөрөнгө оруулалтай холбоотой өсөлт болохыг Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн хийсэн судалгаагаар анх удаа нарийвчлан тогтоогоод байна.

Эх сурвалж: СЭЗИС

ГШХО-ын тухайн улсад бүтээдэг хамгийн том үнэ цэн бол дэд бүтэц, эдийн засгийн төрөлжилтөөс гадна инновац, технологийн дэвшил, түүнийг эзэмшсэн мэдлэг, туршлага, ур чадвартай Бадрал шиг боловсон хүчин олноор бий болдог явдал юм.

Тэднээр дамжин бүтээмж сайжирч, цалин өссөнөөр амьжиргааны түвшин өсөж, амьдралын чанар мөн сайжирдаг нь манай улсад ч биелсэн дам нөгөө юм. Тухайлбал, өрхийн орлого ГШХО-тай хамааралтай байгааг СЭЗИС-ийн хийсэн судалгаагаар нотолсон бөгөөд сүүлийн манай улсын 20 жилд өрхийн нэрлэсэн орлого 17 дахин өсжээ. 

зураг
 

Эх сурвалж: СЭЗИС

ГШХО-ын нөлөөгөөр бий болсон өсөлт зөвхөн уул уурхайн салбарыг хамардаггүй. Уг хөрөнгө оруулалтыг дагаад худалдаа, тээвэр, боловсруулах үйлдвэрлэл, барилгын салбар өссөнийг уг судалгаа харуулж байна. 2017 оноос хойш Монгол Улсын төлбөрийн тэнцэл сайжирч эерэг гарахад ГШХО-ын орох урсгал нэмэгдэж байгаа нь нөлөөлсөн ба урсгал тэнцлийн алдагдлыг 2013-2016 оны хооронд гадаад зээлээр санхүүжүүлж ирсэн бол 2017 оноос ГШХО-аар голлон санхүүжүүлж байна гэж Монголбанкны ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир дүгнэжээ.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн хийсэн судалгаанд уул уурхайн бүсэд амьдарч буй айл өрхийн орлогын түвшний өсөлт, уул уурхайн компаниудын байгуулсан сургууль, цэцэрлэг, тоног төхөөрөмж, орчны тохижилт нь хотын хүүхдүүдтэй адил шинэ мэдлэг, боловсрол эзэмших боломж бүрдэн, орон нутгийн хүүхдүүдийн боловсролд эерэг нөлөө үзүүлж байгааг мөн онцолсон байна.   

Энэ бүхэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын нөлөөгөөр бий болсон эерэг үр дүн гэдгийг монголчууд бид хүлээн зөвшөөрч, хандлагаа өөрчлөх цаг болжээ. 

Бидний үлгэрлэн дуурайх хамгийн дуртай Өмнөд Солонгос улс л гэхэд гадаадын шууд хөрөнгө оруулалтын нөлөөгөөр үндэстэн дамнасан томоохон компаниудыг бойжуулж чадсан улс. Тус улсад хийсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 60 жилийн дотор 5,000 дахин өссөнийг БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн яам нь гуравхан жилийн өмнө дэлхий нийтэд зарлаж байв. 1962 онд 3 сая ам.долларын хөрөнгө гаднаас татаад баярлаж байсан тус улс дахь гаднын хөрөнгө оруулалт 20 орчим тэрбум ам.долларт хүрч, гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд 750,000 орчим ажлын байр бий болгоод байна. 

Тус улсын нэг компани өдгөө АНУ-д 17 тэрбум ам.доллароор үйлдвэр байгуулах хэмжээний хөрөнгө оруулагч болж чаджээ. ГШХО-ыг дагаж үндэсний компаниуд ингэж л томорч, өөрсдөө хөрөнгө оруулагч болтлоо өсөх боломжтой байдаг.

2023 оны байдлаар Азийн орнууд дахь ГШХО-ын нийт дүн 400 орчим тэрбум ам.доллар байгаагийн Хятад, Сингапур, Вьетнам, Өмнөд Солонгос зэрэг орнууд авч чадаж байна. Өөрөөр хэлбэл, улс орнууд гаднын хөрөнгө оруулалтыг татах гэж уралдаж, хамгийн таатай нөхцөлийг санал болгож, эдийн засгаа өсгөж чадаж байгаа юм. 

Харин Монгол Улс Хөрөнгө оруулалтын тухай хуулиа таатай болгон шинэчлэх гээд гурван жилийн нүүр үзэж байна. Энэ хууль хөрөнгө оруулагчдын хувьд маш чухал юм. Улс төрийн хувьд, бодлого, эрх зүйн хувьд мөнгөө бариад ирж байгаа бизнес эрхлэгчийг Монгол Улс хэрхэн удаан хугацаанд зовоохгүй байж чадах вэ гэдэг нь энэ хуулиар тодорхой болох учраас гадна талд ч хүлээлт өндөр байна.

Манай улсад одоо хэн хөрөнгө оруулах вэ?

Монгол Улсын хувьд хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж чадах бодит салбар нь өнөөдрийн байдлаар уул уурхай, эрчим хүч. Эрчим хүчний салбарт л гэхэд салхины 200 ГВт, нарны 1,200 Гвт эрчим хүч экспортлох нөөц боломжтой болохыг Азийн Хөгжлийн банкнаас тогтоож байж. Гэвч энэ нөөцөө ашиглан нар салхины 5 ГВт эрчим хүч экспортлохын тулд 5.5 тэрбум ам.доллар, 100 ГВт эрчим хүч экспортлоход 85 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах шаардлагатайг эрчим хүчний зөвлөх инженер Б.Батлхагва ярьж байсан бөгөөд үүнээс 60 хүртэл тэрбум ам.долларын хөрөнгийг гаднаас оруулах боломжтойг мөн онцолж байв. Бүхэл бүтэн Монгол Улсын эдийн засгаас дөрөв дахин өндөр дүнтэй мөнгийг ганцхан төсөл дээр гаднынхан өгөх нөөц боломжтойг энэ тоо харуулж байгаа юм. Үүнийг дагасан дээр дурдсан эерэг нөлөөллүүд мөн л үр өгөөжөө шууд болон дам байдлаар өгөх болно.

Ойрын хугацаанд хэрэгжих боломжтой, гадаадын хөрөнгө оруулалт бүхий том төсөл бол Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дахь Зөөвч-Овоо ураны төсөл. Өдрөө хэлэлцэгдэж буй хөрөнгө оруулалтын гэрээ нь амжилттай болбол уг төслийг дагаад Монгол Улсад тэрбум гаруй долларын хөрөнгө оруулалт орж ирнэ. 1000 орчим ажлын байр бий болно. Монгол Улсын экспортын бүтэц шинэчлэгдэж, байгалийн ураныг бид экспортолно. Франц улстай стратегийн түнш болно. Дорноговь аймагт дэд бүтцийн шинэ төслүүд хэрэгжиж, эдийн засаг нь тэлнэ. Ганцхан төслийг дагаад бий болох өөрчлөлтүүд нь энэ. Мэдээж инновац, өмнө нь огт үзэж хараагүй технологи, ноу-хау үүнийг дагаад Монголд орж ирнэ гэдгийг дахин тодотгоё.

Засгийн газар 2030 он Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ-ийг 10,000 ам.доллар буюу өнөөгийнхөөс даруй хоёр дахин өсгөх зорилт дэвшүүлсэн. Үүнийг тулд ирэх онд л гэхэд 14 мега төслийг эхлүүлж, 2028 он гэхэд эхнээс нь ашиглалтад өгөхөөр төлөвлөөд буй. Тэгвэл энэ том төслүүдийг төсвөөр биш, гаднын хөрөнгө оруулалтаар л босгох боломжтой, манай улс.

Бадралынх шиг дундаж орлоготой олон мянган өрхийг ийм маягаар, ажлын байрыг нэмэгдүүлэх замаар бий болгох боломжтой. Иймээс л гадаадын хөрөнгө оруулалтын төлөө уралдаж, шүтэхээс өөр үсрэнгүй хөгжлийн гарц Монгол Улсад харагдахгүй байна.

 

Нийтлэл бичсэн: Б.Жаргалмаа