Шинэ оны эхний өдөр Лас-Вегас хот дахь ерөнхийлөгч Трампын эзэмшлийн зочид буудлын гадна зогсож байсан Cybertruck загварын автомашин дэлбэрсний улмаас ойр орчимд нь байсан долоон хүн хөнгөн шархадсан юм.
Уг автомашинд савтай шатахуун, ёслолын буудлагын салют дүүртэл нь ачсан байснаас ийнхүү дэлбэрсэн байна.
Дэлбэрэлтийн цаад учир шалтгааныг тогтоох ажил одоо үргэлжилж байгаа юм.
Тесла компанийн ган металл эх биетэй Cybertruck дэлбэрэлтийн хүчийг ойр хавьд тархахаас сэргийлж, босоо чиглэлд шилжүүлсэн тул хохирол бага гарсан гэж Лас-Вегасын эрх баригчид үзэж байна.
Уг автомашин нь түрээсийн зориулалттай байсан, түрээслэгч нь дэлбэрэлтийн үеэр дотор нь байсныг мөрдөгчид тогтоожээ.
Танигдахгүй болтлоо шатсан цогцсын үлдэгдэлд ДНХ шинжилгээ явуулсны дараа түрээслэгч нь 37 настай Мэттью Алан Ливелсбергер гэгч байсныг тогтоосон байна.
Тэрбээр арванхоёрдугаар сарын 28-ны өдөр Колорадо мужийн Денвер хотоос түрээсэлсэн автомашинаа Лхагва гарагийн өглөө Лас-Вегасын зочид буудлын үүдэнд байрлуулж байжээ. Үүнээс хойш хэдхэн цагийн дараа дэлбэрэлт болсон байна.
Ливелсбергер нь АНУ-ын тусгай хүчний алба хаагч байсан бөгөөд дэлбэрэлтээс өмнө өөрийнхөө толгойд буудаж, амиа хорлосон нь мөрдлөгийн явцад тодорхой болсон байна.
“Дэлбэрэлтээс өмнө өөрийгөө буудаж амиа хорлосныг нь би баттай хэлж чадахаар байна” гэж өчигдөр Лас-Вегаст болсон хэвлэлийн хурлын үеэр шериф Кэвин МакМахилл мэдээлжээ.
Шинэ оны эхний өдөр Нью-Орлеанд автомашинтай этгээд гудамжинд цугларсан хүмүүс руу дайрсны улмаас 15 хүн амиа алдсан юм. Уг халдлагыг үйлдэгч болон Ливелсбергер хоёрын хооронд зарим нэг нийтлэг зүйлс байгааг тогтоожээ.
Тухайлбал тэд аль аль нь Умард Каролинагийн Форт Брагг дахь цэргийн баазад алба хааж байсан байна. Бас 2009 онд хоёул Афганистанд алба хааж байжээ. Сонирхолтой нь тэд халдлага болон дэлбэрэлтэд ашигласан автомашинуудаа Turo хэмээх нэртэй нэг компаниас түрээсэлсэн байна.
Гэхдээ бүх тохиолдолд тэд өөр өөр хэсэг нэгжид харьяалагдаж, хоорондоо хэлхээ холбоотой байсан нь батлагдахгүй байгааг шериф мэдээлсэн юм.
Амиа хорлохоосоо өмнө Германд алба хааж байсан Ливелсбергер чөлөөгөөр гэртээ хариад байжээ.
Түүний аав хүүгээ Колорадод амьдардаг эхнэр, найман сартай хүүтэйгээ уулзахаар явсныг мэдүүлсэн байна.
Хамгийн сүүлд Зул Сарын баярын өдөр утсаар ярихад ямар ч сэжигтэй зүйл мэдэгдээгүй, бүх зүйл хэвийн байсныг тэр бас мэдүүлжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!