Уншиж байна ...

Тайландын ерөнхий сайдын хөрөнгө орлогын мэдүүлэгт тансаг ангиллын брэндийн 217 цүнх дурдагджээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 1 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Патонгтарн эцэг Таксин Шинаватрагийн хамт

Энэ долоо хоногт Тайландын ерөнхий сайд Патонгтарн Шинаватра тус улсын авлигатай тэмцэх байгууллагад хөрөнгө орлогын мэдүүлгээ илгээжээ.

Түүний хөрөнгийн нийлбэр хэмжээ $402 сая болсон байна.

Өнгөрсөн оны есдүгээр сард албан тушаалд томилогдсон тэрбээр Тайландын ерөнхий сайд асан, тэрбумтан Таксин Шинаватрагийн охин бөгөөд нэр нөлөө бүхий Шинаватрагийн гэр бүлээс тодорсон дөрөв дэх ерөнхий сайд юм.

Патонгтарны хөрөнгийг задалбал $310 саяын үнэт цаас, $28 саяын бэлэн мөнгө, Японд эзэмшдэг газар, Лондонд эзэмшдэг үл хөдлөх хөрөнгө, нийт $4.7 саяын үнэ бүхий 75 ширхэг бугуйн цаг, нийт $2.2 саяын үнэ бүхий тансаг ангиллын брэндийн 217 ширхэг гар цүнх, $2 саяын үнэ бүхий 23 ширхэг автомашин, $1.5 саяын 205 хос ээмэг, $1 саяын 67 ширхэг хүзүүний зүүлт багтжээ.

Гэхдээ ерөнхий сайдынх нь хөрөнгийн хэмжээ Тайландын иргэдийг төдийлөн их гайхшируулахгүй байна.

Патонгтарны эцэг Таксин харилцаа холбооны бизнесээр баяжиж, нэг хэсэг Манчестер Сити хөлбөмбөгийн клубийг эзэмшиж байсан юм.

Форбс сэтгүүл эцэг Шинаватрагийн хөрөнгийн хэмжээг $2.1 тэрбум гэж тооцоолсон байдаг. Энэ нь Тайландад 10 дугаарт жагсах баян гэсэн үг юм.

Патонгтарн албаны болон хувийн арга хэмжээнд оролцохдоо үргэлж өндөр үнэтэй брэндийн эд зүйлсээр гоёсон байгаа харагддаг.

Ер нь Тайландын улс төрчид өндөр үнэтэй, тансаг ангиллын эд зүйлсэд гар татдаггүй.

Патонгтарны өрсөлдөгчид ч бас түүнээс дутахгүй ганган хүмүүс байдаг.

Өмнө нь Патонгтарны авга эгч Инглук Шинаватраг төрийн эрхээс зайлуулсан цэргийн дэглэмийн удирдагч Правит Вонгсувон хөрөнгө орлогын мэдүүлэгтээ оруулаагүй тансаг ангиллын 20 гаруй бугуйн цагны цуглуулгатай нь илэрч байсан удаатай.

Тэрбээр нэг удаа эдгээр цагнуудынхаа нэгийг олон нийтийн арга хэмжээнд зүүж яваад баригдсан юм.

Тухайн үед генерал уг цагаа нас барсан найзаасаа зээлж авсан гэж тайлбарлаад Тайландын олон нийтийн элэг доог болж байв.

Гэвч тус улсын авлигатай тэмцэх газар 2018 онд генералыг ямар нэг хууль зөрчөөгүйг тогтоож байжээ.

Таксин 2001 онд Тайландын ерөнхий сайд болсноор Шинаватрагийн гэр бүлийн эрин үе эхэлж байв. Түүнийг болон түүний дараагийн гэр бүлийн гишүүдийг цэргийнхэн төрийн эрхээс зайлуулж байжээ.

Гэхдээ Шинаватрагийн хүчирхэг гэр бүлийн үе өнгөрч байгааг сүүлийн жилүүдэд Тайландын улс төрийн амьдралд гарсан өөрчлөлтүүд харуулж байна.

2023 оны сонгуульд Шинаватрагийн нам цоо шинэ улс төрийн хүчинд ялагдсан юм. Сонгуулийн дараа Шинаватрагийн нам эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд хуучин өрсөлдөгчтэйгөө эвсэхээс өөр аргагүй болсон байна.

 

Эх сурвалж: The Guardian