Уншиж байна ...
Зураг
Зураг

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийг баривчлах ажиллагаанд хамгаалалтын алба нь саад учруулжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 1 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Бүрэн эрхээ түдгэлзүүлсэн Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёлыг баривчлахаар өнөөдөр өглөө амьдардаг өргөөнд нь очсон мөрдөгчдийг ерөнхийлөгчийн хамгаалалтын албаныхан нэвтрүүлэхгүй байгааг эх сурвалжууд мэдээлжээ.

“Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид өргөөний нэг болон хоёрдугаар саадыг нэвтэрсний дараа ерөнхийлөгчийн хамгаалалтын албаныхантай тулгараад байна” гэж албаны эх сурвалж мэдээлсэн байна.

Дээр дурдсан хоёр саад гэдэгт цэргийн дэглэм зарлах үед хашааны гадна байрлах болсон цэргийн харуулын цэг болон өргөөний хашааны хамгаалалтыг хэлж буй бололтой.

Ерөнхийлөгчийн хамгаалалтын албаны дарга Пак Чон Жүн тусгай хамгаалалттай бүс гэсэн үндэслэлээр мөрдөгчдийг өргөөнд нэвтрүүлэх зөвшөөрөл өгөхгүй байгаа гэнэ.

Сөүл хотын шүүхээс гаргасан ерөнхийлөгчийг баривчлах захирамжийн хүчинтэй хугацаа ирэх Даваа гараг дуусах юм.

Юн Сүк Ёлыг дэмжигчид сүүлийн өдрүүдэд ерөнхийлөгчийн өргөөний гадна олноороо цугларч, баривчлах ажиллагаанд саад учруулахыг хичээж байгаа.

Гэхдээ цагдаагийн хүч тэднийг тараах, хориглох арга хэмжээ авч байсан тул мөрдөгчдөд саад учруулж чадаагүй юм.

зураг
 

Хэрвээ ерөнхийлөгчийг баривчлах ажиллагааг Бямба, Ням гарагуудад гүйцэтгэвэл улам олон хүн цугларах эрсдэлтэй гэж ажиглагчид үзэж байна.

Ерөнхийлөгчийг баривчлах, гэрт нь нэгжлэг явуулах ажиллагаанд авлигатай тэмцэх газрын 30 мөрдөгч, цагдаагийн 120 ажилтан оролцож байгаа юм. Цагдаагийн ажилтнуудын 70 нь өргөөний хашааны гадна хүлээх даалгавар авсан байна.

Мөрдөгчид цэргийн дэглэм зарласан хууль бус үйлдэлтэй нь холбогдуулан байцаахын тулд Юн Сүк Ёлд гурван удаа зарлан дуудах бичиг явуулсан ч хүлээж аваагүй юм.

Тиймээс Сөүл хотын шүүх энэ долоо хоногийн эхээр баривчлах захирамж гаргаж байв.

Юн Сүк Ёлыг баривчилсны дараа мөрдөгчид 48 цагийн дотор байцааж дуусаад суллах, эсвэл үргэлжлүүлэн хорих хүсэлт гаргах юм.

 

Эх сурвалж: Yonhap News