Шинэ оны эхний өдөр дорнод Африкийн Кени улсын Мукуку тосгоны ойролцоо тэнгэрээс асар том металл цагариг унажээ.
500 кг жинтэй, 2.4 метр диаметр хэмжээтэй уг биет унахдаа нутгийн оршин суугчдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ямар нэг хохирол учруулаагүйг Кенийн Сансрын Агентлаг мэдээлсэн байна.
Албаны эх сурвалж уг цагаргийг пуужингаас салсан эд анги байж магадгүй гэсэн таамаг дэвшүүлжээ.
Сансраас унасан зүйлийн уг гарлыг тогтоосны дараа олон улсын хууль дүрмийн дагуу холбогдох этгээдэд хариуцлага тооцохоо Кенийн эрх баригчид мэдэгдсэн байна.
Сансрын хог хаягдал нь дэлхийн агаар мандалд орж ирэхдээ бүрэн шатаж устдаг.
Маш ховор тохиолдолд гүйцэд шатаагүй хэсэг нь хуурай газар болон далай тэнгисийн усанд хүрдэг байна.
Гэхдээ ингэж унахдаа хүний амь насанд аюул учруулсан тохиолдол ганц ч удаа бүртгэгдээгүй байгаа.
Хэдий тийм ч 1950-аад оны сүүлээс эхлэн хүн төрөлхтний сансрын уудамд илгээдэг техник хэрэгсэл улам нэмэгдсээр байгаа тул аюул эрсдэл бас нэмэгдэж байгаа нь тодорхой.
2008-2017 оны хооронд дэлхийн улс орнууд жил бүр дунджаар 82 пуужин сансарт хөөргөж байжээ.
2018-аас 2022 оны хооронд энэ тоо 130 болж нэмэгдсэн юм.
2024 онд 250 орчим пуужин хөөргөсөн нь дээд амжилт болоод байна.
Сансраас унасан хог хаягдал хүний амь насанд хүрэхэд хамгийн их ойртсон тохиолдол өнгөрсөн оны гуравдугаар сард гарч байв.
Тухайн үед нэг килограмм хүрэхгүй жинтэй, ундааны лаазнаас яльгүй жижиг овортой металл Олон Улсын Сансрын Станцаас дэлхийд унахдаа АНУ-ын Флорида мужийн нэг айлын орон сууцны дээврийг цөмлөсөн юм. Одоо тус гэр бүл NASA-г шүүхэд өгөөд заргалдаж байгаа.
Эх сурвалж: Business Insider
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!