Уншиж байна ...

Трампын “хүчтэй, урьдчилан таашгүй зан чанар дайныг зогсооход тус болно” гэж Зеленский хэлжээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 1 сарын 4
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трампын “хүчтэй, урьдчилан таахын аргагүй зан чанар” гурван жил үргэлжилж буй дайныг дуусгахад тус болохыг Украины ерөнхийлөгч Володимир Зеленский хэлжээ.

Гэхдээ сонгуулийн кампанит ажлынхаа үеэр амлаж байсан шиг нэг өдрийн дотор зогсоох боломжгүй гэж үзэж байгаагаа тэр бас илэрхийлсэн байна.

“Хэрвээ Трамп байр суурин дээрээ тууштай байвал дайны оргил хэсэг богино хугацаанд дуусах боломжтой. Би Трампын хүчтэй, урьдчилан таахын аргагүй зан чанарт итгэж байна. Ялангуяа түүний урьдчилан таахын аргагүй байдлыг би ОХУ-тай харилцах харилцаанд чиглүүлэхийг маш их хүсэж байна” гэж Зеленский дотоодынхоо телевизийн сувгаар Пүрэв гарагийн орой ярьсан юм.

Дональд Трамп нэгдүгээр сарын 20-ны өдөр АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөх гэж байгаа. Тус улсаас Украинд үзүүлж буй тусламж дэмжлэгийг Трамп үргэлжлүүлэх эсэх нь тодорхойгүй байна.

Ирэх сард дөрөв дэх жилтэйгээ золгох гэж буй дайны хувь заяаг ямартай ч Трамп шийдэх нь тодорхой болоод байгаа.

Оросын цэрэг Украины газар нутгийн 20 орчим хувийг хянаж, дорнод фронт дээр асар их хүн хүч, зэвсэг техникээ золиослон алгуур урагшилсаар байна.

Өнгөрсөн сард Парис хотод Зеленский, Трамп нар Францын ерөнхийлөгч Эммануэл Макроны зуучилснаар уулзсан юм.

Энэ үеэр Украинд байлдааны ажиллагааг зогсооход хяналт тавих үүрэгтэй Өрнөдийн энхийг сахиулагчдыг оруулах Макроны саналд Трамп нааштай хариу өгснийг Зеленский дурссан байна.

“Гэхдээ энэ санаачилгад ямар улс орнууд нэгдэх, АНУ тэнд байх эсэх талаар амлалт хэрэгтэйг би тэр үед сануулсан” гэж тэр хэлжээ.

Украины эрх баригчид улс орноо НАТО-гийн гишүүн болгох байр суурь дээр тууштай зогсож байгаа.

Харин 32 гишүүнтэй НАТО үүнийг хүлээн зөвшөөрч байгаа ч дайн дуусах хүртэл Украиныг элсүүлэх боломжгүй гэж үзэж байна.

Украины цэрэг ОХУ-ын Курск мужийн нутагт хяналтаа тогтоосныг Зеленский цаашдын энхийн яриа хэлэлцээнд “маш том давуу тал” үүсгэж буйг энэ үеэр онцолжээ.

Өнгөрсөн оны наймдугаар сард Украины цэргүүд хил залгаа Курскийн газар нутгийн зарим хэсгийг хяналтдаа оруулсан нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойш ОХУ-ын нутаг дэвсгэрт гадаадын зэвсэгт хүчин халдсан анхны тохиолдол болсон юм.

Гэхдээ энэ ажиллагаа дайны ерөнхий үйл явцад төдийлөн нөлөөлж чадаагүй. Бас Украины тал анх эзэлсэн нутаг дэвсгэрийнхээ 40 орчим хувийг алдаад байгаа.

Гэсэн хэдий ч энэхүү байлдааны ажиллагааны амжилт Ази, Өмнөд Америк, Африкийн орнуудад Оросын зэвсэгт хүчний нэр хүндийг ихээр унагасныг Зеленский хэлсэн байна.

 

Эх сурвалж: Associated Press