Канадын талбайн теннисийн тамирчин Габриала Дабровски хөхний хорт хавдрын эсрэг тэмцэж байгаагаа нийтэд зарлажээ.
Г.Дабровски 2024 оныг тун амжилттай өнгөрүүлсэн. Оны төгсгөлд зохион байгуулагддаг чансаа өндөр теннисчдийн WTA Finals тэмцээний хос төрөлд Шинэ Зеланд гаралтай хамтрагч Эрин Рутлиффийн хамт түрүүлсэн юм.
Мөн холимог хос төрөлд нутаг нэгт Феликс Оже-Аляасимын хамтаар олимпын хүрэл медаль хүртсэн билээ.
Гэхдээ холимог хос төрөлд Их Дуулгын гурван цомтой Г.Дабровски талбай дээр ийм амжилт үзүүлж байхдаа хөхний хорт хавдартай гэдгээ мэдсэн гэж өөрийн цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдэгдсэн юм.
"Яаж ийм жижиг зүйл тийм том асуудал үүсгэж чадаж байна аа" гэж өнгөрсөн дөрөвдүгээр сард оношоо сонссон канад бүсгүй өөрөө асууж байснаа нуулгүй бичжээ.
"Энэ мэдээ олон хүнийг цочирдуулах байх. Гэхдээ одоо би зүгээр. Эрт илрүүлснээрээ амь насаа аварч чадсан гэж бодож байна" гэж Г.Дабровски бичвэрийнхээ төгсгөлд онцолжээ.
Тэрбээр 2023 оны хавар анх шинжилгээ өгөхөд ямар нэг ноцтой зүйл биш гэж эмч нар хэлсэн ч дараа жил нь дахин шинжилгээ өгөөд хорт хавдар болохыг нь тогтоосон байна.
"Би амьдралдаа ийм зүйл сонсоно гэж бодож байгаагүй. Хоромхон зуурт амьдрал чинь орвонгоороо эргэх болно" гэж теннисчин бүсгүй өнгөрсөн үеэ дурсжээ.
Удалгүй жижиг хэмжээний хоёр ч хагалгаанд орсон ч тамирчны замналаа үргэлжлүүлэхийн тулд эмчилгээгээ түр хойшлуулах шийдвэр гаргасан байна.
Г.Дабровски Саудын Арабт болсон WTA-гийн Final тэмцээний үеэр зохион байгуулагдсан хөхний хорт хавдрыг сурталчлах зорилгоор өөрийн гарын үсэгтэй ягаан бөмбөгийг үзэгчдэд тарааж байхдаа ч хавдрын эсрэг тэмцэж байгаагаа нийтэд зарлахад бэлэн биш байв.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!