Зудын эрсдэлийн үнэлгээгээр нийт нутгийн 40 гаруй хувьд их эрсдэлтэй байгаа талаар Цаг, уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зургийг гаргасан байна.
Уг зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, цасны бүрхэц, зузаан болон 12 дугаар сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээг ашиглаж гаргажээ.
Засгийн Газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын одоогийн байдлыг үнэлэхэд дөрвөн аймгийн 10 сум цагаан зудын, 10 аймгийн 40 сум цагаанаар зудархуу нөхцөлд байна.
2025 оны нэгдүгээр сарын урьдчилсан мэдээгээр нутгийн төв болон баруун хагаст буюу зудын эрсдэл ихтэй бүс нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, харин зүүн хагаст дунджийн орчим, хур тунадасны хувьд баруун болон төвийн аймгуудын зарим газраар олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байгаа тул цаашид өвөлжилт улам хүндэрч болзошгүй бүс нутагт бэлэн байдлыг тасралтгүй хангаж ажиллах шаардлагатай байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!