Уншиж байна ...
Зураг
Зураг

Спорт клубүүдэд Биеийн тамирыг дэмжих сангаас төлбөрийн дэмжлэг үзүүлнэ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 1 сарын 2
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын Их Хурал (УИХ)-аас өнгөрсөн оны зургаадугаар сарын 5-ны өдөр Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн баталсан.

Шинэ хууль энэ сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн юм. Уг хуулиар спорт, нийтийн биеийн тамирыг дэмжих олон шинэ зохицуулалт багтсан. Идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэсэн иргэний үр дүнг харгалзан магадлан итгэмжлэгдсэн спортын клубт Спортыг дэмжих сангаас үйлчилгээний төлбөрийн дэмжлэг үзүүлэх боломж бүрдлээ.

Мөн спорт холбоодыг дэмжих, төрийн зарим үүргийг Төрийн Бус Байгууллагаар гүйцэтгүүлэх зарчмаар Холбоодын улсын аварга шалгаруулах болон олон улс, тив, Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ийг улсын төсвөөс дэмжлэг үзүүлэхээр болж байна.
Спорт холбоодын бие даасан байдлыг хангах зорилгоор Биеийн тамир спортын улсын хорооноос олгодог байсан тамирчин, шүүгчид спортын зэрэг, цол олгох, бууруулах, хасах бүрэн эрхийг спорт холбоодод нь олгохоор өөрчиллөө.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийтийн биеийн тамирыг дэмжих үүднээс спорт клубүүдийг дэмжих, магадлан итгэмжлэгдсэн бол Биеийн тамирыг дэмжих сангаас төлбөрийн дэмжлэг үзүүлнэ.
Орон нутгийн биеийн тамир, спортын салбарын төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд бусад салбаруудын ижил зарчмаар таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсаас олгохоор боллоо.

Сум, хороодод орон тооны биеийн тамирын арга зүйч ажиллаж биеийн тамир, спортын хуулийг хэрэгжүүлнэ, орон нутгийн төсвөөс дэмжлэг үзүүлэх зэрэг чухал заалтууд орсныг Биеийн Тамир Спортын Улсын Хороо (БТСУХ)-ноос мэдээллээ.