Хойд Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо (NBA)-гийн супер од Леброн Жэймсийн бага хүү Брюс Жэймс Аризонагийн их сургуулийн багт тоглохоор болжээ.
Энэ жил 17 настай Брюст Охайо Стэйт, Дюкейн их сургуулиас санал ирсэн ч эцэст нь Аризонаг сонгосон байна.
Леброн хүүгийнхээ сонголтод туслахын тулд Аризонагийн их сургуульд зочилжээ.
Түүний том хүү Бронни Жэймс USC-д тоглож байгаад өнгөрсөн жилийн NBA-гийн драфтад нэрээ дэвшүүлэн, хоёрдугаар тойргийн 55-аар "Лос Анжелес Лэйкерс" багт очсон билээ.
Ингэснээр лигийн түүхэнд аав, хүү хоёр нэг багт хамт тоглосон анхны хамтрагчид болсон юм.
Харин бага хүү нь өнгөрсөн зун Nike-аас зохион байгуулдаг зуны лигийн таван тоглолтод оролцохдоо 5.6 оноо, 2.5 самбар дундажласан.
Мөн ахлах сургуулийнхаа 14 тоглолтод 6.9 оноо авч байв.
Брюс Жэймсийн хувьд одоогоор гурван одтой тоглогч хэмээн үнэлэгдэж байна. Тиймээс коллежийн сагсан бөмбөгт сайн тоглолт үзүүлж, чансаагаа ахиулах нь гол зорилго.
Залуу тоглогчдыг чансаагаар нь үнэлж, 1-5 од өгдөг. Таван одтой тоглогч драфтын дээгүүр үнэлэгдэх өндөр магадлалтай байдаг билээ.
Өдгөө 40 настай Леброн хоёр хүү, нэг охинтой. Том хүү Бронни нь 20 настай бол бага охин Жури нь 10 хүрч байна.
Жэймс 2003 оны драфтад ахлах сургуулиасаа нэрээ дэвшүүлэн, №1-ээр сонгогдсон юм.
Эх сурвалж: The Guardian
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!