Холливүүдийн одод болох Анжелина Жоли, Брэд Питт нарын гэр бүлээ салгахтай холбоотой маргаан дуусгавар болсныг Жолигийн өмгөөлөгч 2024 оны сүүлчийн өдөр мэдээлжээ.
2005 оноос хойш дотно харилцаатай болсон тэд гэрлэснээсээ хойш хоёр жилийн дараа буюу одоогоос найман жилийн өмнө салах шийдвэр гаргаж байсан юм.
“Энэ бол найман жилийн өмнө эхэлсэн урт хугацааны үйл явцын зөвхөн нэг хэсэг юм. Үнэнийг хэлэхэд энэ бүхнээс залхаад байсан Анжелина одоо л тайтгарч байна” гэж түүний өмгөөлөгч Жэймс Саймон мэдэгджээ.
Жоли, Питт нар гэр бүлээ салгах гэрээнд гарын үсгээ зурцгааж, холбогдох бичиг баримтаа шүүхэд илгээгээд байгаа юм байна.
Жоли 8-15 насны зургаан хүүхдээ халамжлан өсгөх эрхийг өөртөө авах, Питтэд зөвхөн уулзах эрх олгох хүсэлт гаргаад байсан юм.
Үүнтэй холбоотойгоор Питтийн хүүхдүүддээ гаргадаг байсан зүй бус ааш авирын талаар мөрдлөг явуулж байв. Эцсийн байдлаар тэд яаж тохиролцсон талаар мэдээллийг өмгөөлөгч нь өгөөгүй юм.
2000 онд “Girl, Interrupted” киногоор Оскарын шилдэг туслах дүрийн шагналыг хүртэж байсан Анжелина Жоли өмнө нь Жонни Ли Миллер, Билл Боб Торнтон нартай гэрлэж байв.
Питтийн хувьд 2003 онд жүжигчин Женифер Энистонтой гэрлэх үедээ Жолитой хамт “Mr. & Mrs. Smith” киноны гол дүрүүдийг бүтээж байжээ.
Тухайн үед тэдний хооронд дотно харилцаа үүссэн талаар хэвлэлүүд шуугьж байв.
Гэхдээ 2005 онд Питт, Энистон нарыг салах хүртэл ердийн найзуудын харилцаатай байснаа Жоли сүүлд Vogue сэтгүүлд ярьж байжээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!