Ням гарагт Jeju Air компанийн онгоц Өмнөд Солонгосын Муан хотын нисэх буудалд газардах үедээ осолдсоны улмаас 179 хүн амиа алдаад байгаа.
Дугуй нь дэлгэгдээгүй ч элгээрээ газардаж чадсан онгоц зурвасын төгсгөлд байдаг бетонон хашааг мөргөж дэлбэрсэн юм.
Уг хашаа нь онгоцыг буух үед чиглүүлэх үүрэгтэй “localizer” хэмээх навигацийн системийн хамгаалалт байжээ.
Муан хотын олон улсын нисэх буудлыг 20 гаруй жилийн өмнө анх байгуулагдах үеэс энэ хашаа байсан юм байна.
Үүнтэй холбоотойгоор онгоц буух, хөөрөх зурвасын ойр орчимд ийм бат бэх байгууламж байх нь зөв эсэх асуудал яригдаж эхэлсэн юм.
Эхэндээ Өмнөд Солонгосын зам тээврийн яам Муан хотын байгууламж аюулгүй байдлын стандартад нийцэж байгааг хэлж байв.
Бүр Лос-Анжелес хотын олон улсын нисэх буудал (LAX), Испанийн Tenerife зэрэг гадаадын нисэх буудлуудад ижил байгууламж байдгийг хэлж байжээ.
Гэвч онгоц буух, хөөрөх зурвас болон навигацийн байгууламжуудын дунд аюулгүй байдлын бүс байх ёстой нь сүүлд тодорхой болсон юм. Бас Лос-Анжелесын нисэх буудалд ийм байгууламж байдаггүйг хэвлэлүүд хиймэл дагуулаас авсан зургаар батлан харуулсан нь маргааныг хурцатгажээ.
Үүний дараа зам тээврийн яамныхан олон улсын иргэний нислэгийн байгууллагаас (ICAO) холбогдох стандартыг тодруулж, бүх нисэх буудлуудынхаа навигацийн байгууламжуудыг уг стандартад нийцэж байгаа эсэхийг шалгахаар болсон байна.
“Бид нарийвчилсан дүгнэлт, мэргэжилтнүүдийн зөвлөмж дээр үндэслэн удахгүй дэлгэрэнгүй тайлбар өгөх болно. Ийм байгууламжууд манай бүртгэлд байдаг. Тэдгээрийн бүтцэд бетон хийц орсон эсэхийг нэг бүрчлэн шалгах болно” гэж яамны төлөөлөгч мэдэгджээ.
Jeju Air компанийн онгоцны ослоор амиа алдсан 179 хүний цогцсыг таниулах ажил өчигдөр дууссан байна. Мягмар гарагаас хойш сүүлчийн таван цогцсыг таниулах ажилд хүндрэл тулгараад хүлээгдэж байсан юм.
Ингэснээр цогцсуудыг ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгөх, оршуулах ажил эхэлжээ.
Зам тээврийн яам осолдсон онгоцны нислэгийн бичлэгийг хадгалдаг хар хайрцгийг уншуулахаар АНУ руу явуулсан байна.
Уг хар хайрцгийн гадна хэсэг нэлээд гэмтэж, зарим холболтын залгуур нь шатаж устсан тул АНУ-аас мэргэжлийн туслалцаа авахаар болжээ.
Эх сурвалж: Korea Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!