Уншиж байна ...
Зураг
Зураг

С.Баатаржав: Хуруу тулсан үед татах үйлдлийг хэзээ ч хийж болохгүй

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 1 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-өөс "Эрүүл Монгол хүн" үндэсний хөдөлгөөний хүрээнд олон нийтэд зориулсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх зөвлөгөөг хүргэлээ. 

Энэ хүрээнд гар сарвууны гэмтэл буюу иргэдийн нийтлэг хэлж заншсанаар "Хуруу тулах" үед татаж огт болохгүйг ГССҮТ-ийн Гар сарвууны мэс заслын тасгийн зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, профессор С.Баатаржав анхааруулж байна. 

Ихэвчлэн спортын гэмтэлд багтдаг "хурууны үений холбоос бэртэх" үед анхны тусламжийг зөв үзүүлж, дур мэдэн эмчлэх гэж оролдох буюу бариа заслаар улам хүндрүүлэх эрсдэлээс сэргийлж, мэргэжлийн эмчид хандах нь нэн чухал хэмээн зөвлөв.

Түүний зөвлөгөө мэдээллийн дэлгэрэнгүйг хүргэе. 

"Хуруу тулна гэдэг онош байдаггүй"



Хуруу тулсан үед хурууг нь татах үзэгдэл монголчуудын дунд ажиглагддаг. 

Хүний хурууны үе болгон холбоостой. Энэ холбоосын гэмтлийг манайхан "хуруу тулна" гэж хэлдэг.

Хажуугийн холбоосын тасралын үед манайхны авч байгаа анхны арга хэмжээ бол холбоос тасарсныг мэдэхгүйгээр шууд татчихдаг. Ингэж татсан тохиолдолд гэмтлийг улам даамжруулна. 

Жишээ нь бөмбөгөнд цохиулаад хуруу нь тулсан тохиолдолд хэзээ ч дур мэдэн хэн нэгнээр татуулж болохгүй. 

Энэ үйлдэл нь нэгдүгээр зэргийн хөнгөн гэмтэл байсан бол хоёр, гуравдугаар зэрэг болгож нэмж гэмтээдэг гэсэн үг. 

Иймд хуруу тулсан үед татах тусламж үзүүлж болохгүй. Зөвхөн эмнэлгийн байгууллагад хандаж, нарийн мэргэжлийн эмчид үзүүлснээр сэргээн засах эсвэл мэс заслын эмчилгээ хийлгэх эсэхээ тогтоолгох ёстой.

Хоёр, гуравдугаар зэргийн гэмтлүүдийн үед мэс заслын эмчилгээ хийдэг.

Нэгдүгээр зэргийн үед тодорхой хэмжээнд физик эмчилгээ, хөдөлгөөн хязгаарлах арга хэмжээ буюу чиг хэрэглэж эдгээнэ. 

Жишээ нь ингэж дарж унасан тохиолдолд эрхий хурууны хажуугийн холбоос гэмтэх эрсдэлтэй.

зураг
 
Эх сурвалж: ГССҮТ
  • Нэг, хоёрдугаар зэргийн гэмтлийн үед хавдах, улайх, чинэрэх зэрэг шинж тэмдэг илэрдэг.
  • Гуравдугаар зэргийн тасралын үед хуруу мултарсан, үеэрээ санжганасан байдалтай хөдөлгөөн үүссэн байдаг.

Нэг, хоёрдугаар зэргийн тасралын үед чиг барьж боох, хөдөлгөөн хязгаарлах арга хэмжээг авахгүй, байнга хөндөөд байгаа тохиолдолд хуруу нь үрэвсэл, өөрчлөлт, хавдартай болно.

Гуравдугаар зэргийн тасралын үед заавал мэс заслын эмчилгээ хийлгэх ёстой. Иймд нарийн мэргэжлийн эмчид үзүүлж анхны тусламж болон зөв эмчилгээ хийлгэх ёстой.

зураг
 
Эх сурвалж: ГССҮТ

Монголчууд хуруу тулсан үед анхны тусламж гэж хуруунаас татдаг. Ингэж хуруунаас татах үйлдлийг хэзээ ч хийж болохгүй. Гэмтлийг улам даамжруулдаг учраас анхаарах хэрэгтэй.

Хуруу тулна гэдэг онош байдаггүй. Хурууны хажуугийн холбоос хагас, бүрэн тасарсан гэмтлийг манайхан “хуруу тулна” гэж ярьдаг. Хуруу тулах физиологийн ямар ч нөхцөл байхгүй. Тиймээс бидний авдаг анхны тусламж буруу гэдгийг Анагаах ухааны доктор, профессор С.Баатаржав хэллээ. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/gemtelsogog/videos/472795842545506