Уншиж байна ...
Зураг
Зураг

2024 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн талаар ерөнхий мэдээлэл

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 11 сарын 5
iKon.MN
Зураг зураг

(АНУ-ын Пенсильвани мужийн Филадельфи хот. Арваннэгдүгээр сарын 4-ний өдөр)

Арваннэгдүгээр сарын 5-ны Мягмар гараг бол АНУ-ын ерөнхийлөгчийг сонгох санал хураалтын өдөр юм.

Дэлхий нийтээр энэ хүү чухал үйл явдлыг анхааралтай ажиглаж байна.

Энэ өдөр бас Америкчуудын өдөр тутмын амьдралд хамаатай хуулиудыг баталдаг Конгрессын гишүүдийг сонгох юм.

 

АНУ-ын ерөнхийлөгч гэж хэн бэ?

зураг
 

Мягмар гарагт сонгогдсон нэр дэвшигч 2025 оны нэгдүгээр сараас эхлэн дөрвөн жилийн хугацаанд Цагаан ордонд сууж, АНУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалыг хаших болно.

Ерөнхийлөгч нь хууль санаачилж, батлах эрхтэй ч ингэхдээ ихэнх тохиолдолд Конгрессын дэмжлэгийг авах ёстой болдог.

Дэлхий дахинд тэр АНУ-ыг бүрэн төлөөлж, гадаад бодлогыг бие даан хэрэгжүүлэх эрх үүрэгтэй.

 

Нэр дэвшигчдийн тухай

зураг
 

Хоёр гол нам өөр өөрийн нэр дэвшигчийг шат шатны дотоод сонгуулиар өрсөлдүүлэн гаргаж ирдэг.

Тухайлбал Бүгд Найрамдах Намаас ерөнхийлөгч асан Дональд Трамп бараг өрсөлдөгчгүйгээр шалгаран нэр дэвшсэн. Уисконсин мужийн Милвукид болсон Бүгд Найрамдах Намын үндэсний чуулганаас түүнийг тус намын нэр дэвшигч болсныг албан ёсоор зарласан юм.

Трамп өөрийн дэд ерөнхийлөгчийн албан тушаалд Охайо мужийн сенатор Жэй Ди Вэнсийн нэрийг дэвшүүлж, хамтрагчаа болгожээ.

зураг
 

Ардчилсан Намын хувьд эхлээд ерөнхийлөгч Жо Байден хоёр дахь удаагаа сонгуульд өрсөлдөх зорилготой байснаа нэрээ татаж, оронд нь дэд ерөнхийлөгч Камала Харрис өрсөлдөхөөр болсон.

Түүнтэй өрсөлдөх хүн Ардчилсан Намаас гараагүй тул Чикаго хотод болсон намын үндэсний чуулганаар нэр дэвшигч болсныг нь албан ёсоор зарласан юм.

Харрис өөрийн дэд ерөнхийлөгчид Миннесота мужийн захирагч Тим Уолцын нэрийг дэвшүүлж, хамтрагчаараа сонгосон байна.

зураг
 

Хоёр гол намын нэр дэвшигчээс гадна бие даан нэр дэвшигчид байгаа.

Тэдний хамгийн алдартай нь ерөнхийлөгч агсан Жон Ф Кеннедийн зээ Роберт Ф Кеннеди байлаа. Гэхдээ тэр наймдугаар сарын сүүлээр өрсөлдөөнөөс нэрээ татаж, нэр дэвшигч Трампыг дэмжихээр болсноо зарлаж байв.

 

Ардчилсан болон Бүгд Найрамдах намын ялгаа

зураг
 

Ардчилсан Нам бол либерал үзэл баримтлалтай улс төрийн хүчин. Гол бодлого нь иргэний эрх, эрх чөлөөг хангаж, нийгмийн хамгааллыг сайжруулж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд чиглэдэг.

Бүгд Найрамдах Нам бол консерватив улс төрийн хүчин. Бас GOP (Grand Old Party) гэж нэрлэгддэг тус нам нь татварыг багасгаж, засгийн газрыг цомхотгож, галт зэвсэг эзэмших эрх, цагаачлал, үр хөндөлтийг хязгаарлах бодлого явуулдаг.

 

Ерөнхийлөгчийн сонгууль хэрхэн явагддаг вэ?

Ерөнхийлөгчийн сонгуульд ялагч нь орон даяар хамгийн олон сонгогчийн саналыг авсан хүн байдаггүй. Харин АНУ-ын 50 муж тус бүрд өрсөлдөж, хамгийн олон сонгуулийн төлөөлөгчийн санал цуглуулсан нь ялдаг.

Муж бүр хүн амынхаа тооноос хамаарсан тооны сонгуулийн төлөөлөгчтэй (electoral college) байдаг.

Бүх мужийн төлөөлөгчийн нийт тоо 538 болдог бөгөөд хамгийн багадаа 270 төлөөлөгчийн санал цуглуулсан нэр дэвшигч АНУ-ын ерөнхийлөгч болно.

зураг
 

Хоёр мужаас бусад бүх мужид олонхын санал авсан нэр дэвшигч тухайн мужийн бүх төлөөлөгчийн саналыг авах дүрэмтэй байдаг. Өөрөөр хэлбэл тухайн мужид хамгийн олон төлөөлөгчийн санал авсан нэр дэвшигч бүх төлөөлөгчийн саналыг дангаараа авна гэсэн үг.

Ихэнх мужууд хоёр гол намын аль нэгийг тууштай дэмждэг уламжлалтай байдаг тул гол өрсөлдөөн хэнийг нь ч сонгох магадлалтай цөөн хэдэн муж дээр төвлөрдөг. Ийм мужуудыг “swing states” (савлагч мужууд), “battleground states” (тулааны талбар мужууд) гэх мэтээр нэрлэдэг юм.

Нэр дэвшигчдийн аль нэг нь үндэсний хэмжээнд хамгийн олон сонгогчийн саналыг авсан ч ялахгүй байх боломжтой байдаг.

Тухайлбал 2016 онд нэр дэвшигч Хиллари Клинтон хамгийн олон сонгогчийн санал авсан ч сонгуулийн төлөөлөгчийн саналын тоогоор ялагдаж байжээ.

 

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хэн санал өгдөг вэ?

18 ба түүнээс дээш настай АНУ-ын иргэд ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөх эрхтэй. Умард Дакотагаас бусад бүх мужид иргэд сонгуульд саналаа өгөхийн тулд эхлээд бүртгүүлэх ёстой байдаг.

Муж бүр өөр өөрийн бүртгэлийн дүрэм журамтай, бүртгэл дуусах эцсийн хугацаатай байдаг юм. Гадаадад амьдардаг АНУ-ын иргэд урьдчилж бүртгүүлээд шуудангаар саналаа өгөх боломжтой.

 

Арваннэгдүгээр сарын 5-нд ерөнхийлөгчөөс гадна хэн сонгогддог вэ?

Энэ өдөр бүгдийн анхаарал ерөнхийлөгчийн сонгуульд төвлөрдөг ч бас сонгогчид саналын хуудсан дээрээ Конгрессын гишүүний нэрийг давхар сонгодог.

Конгресс нь 435 суудалтай Төлөөлөгчдийн Танхим, 100 суудалтай Сенатын Танхимаас бүрддэг.

Энэ өдөр Төлөөлөгчдийн Танхимын бүх суудал, Сенатын Танхимын 34 суудалд суух хүнийг сонгодог юм. Төлөөлөгчдийн Танхимд одоогоор Бүгд Найрамдах Нам, харин Сенатын Танхимд одоо Ардчилсан Нам олонхын суудал эзэлдэг. Хоёр танхим хуулиудыг баталж, Цагаан ордны үйл ажиллагааг хянах, шаардлагатай бол хориг тавих эрх мэдэлтэй.

 

Сонгуульд хэн ялсныг хэзээ мэдэх боломжтой вэ?

Ихэнхдээ ялагчийг сонгуулийн санал хураалтын шөнө зарладаг. Гэхдээ 2020 онд бүх саналыг тоолж дуусгахад хугацаа шаардагдсан тул цөөн хэдэн өдрийн дараа зарлаж байв.

Хэрвээ сонгуулиар шинэ хүн ерөнхийлөгч болбол шилжилтийн үйл явц эхэлдэг.

Тухайлбал сайд нарыг томилох, шинэ засгийн газрын төлөвлөгөөг боловсруулах зэрэг ажил 2025 оны нэгдүгээр сард ерөнхийлөгч тангараг өргөх хүртэл үргэлжилнэ.

Хэрвээ өмнөх ерөнхийлөгч сонгогдож, хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа үргэлжлүүлбэл шилжилтийн үе шат байхгүй.

Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг Вашингтон хотод Капитолын ордны шатан дээр зохион байгуулдаг уламжлалтай.