Уншиж байна ...
Зураг
Зураг

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хүн амын латин цөөнхийн санал чухал нөлөө үзүүлдэг болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 11 сарын 4
iKon.MN
Зураг зураг

(АНУ-ын Аризона мужийн Финикс хот. Арваннэгдүгээр сарын 2-ны өдөр)

Өнгөрсөн долоо хоногийн Ням гарагт нэр дэвшигч Дональд Трамп өөрийн төрөлх хот Нью-Йоркийн Мэдисон Скюар Гарденд сонгуулийн кампанит ажлаа зохион байгуулсан юм.

“Цэнхэр Америк”-ийн (Ардчилсан Намд үнэнч мужууд) зүрх болсон энэ газарт 1984 онд Рональд Рейган ялалт байгуулснаас хойш ганц ч Бүгд Найрамдах Намын нэр дэвшигч ялж байгаагүй юм. Тиймээс Трамп 40 жил тасраад байгаа намынхаа ялалтыг Нью-Йорк хотод буцаан авчрах зорилготой дээрх арга хэмжээг зохион байгуулжээ.

Гэвч уг арга хэмжээнд оролцсон комедиан Тони Хинчклифийн ярьсан мэдрэмжгүй хошигнол Трампын зорилгод саад учруулж болзошгүй болсон юм.

“Та нар үүнийг мэддэг эсэхийг би мэдэхгүй юм. Яг одоо далай дунд хөвж яваа хогоор дүүрсэн нэг арал байна. Би түүнийг Пуэрто-Рико гэж нэрлэнэ” гэж Хинчклифф ярьсан нь испани хэлтэй буюу латин хүн амыг ялгаварлан гадуурхсан утгыг шууд илэрхийлжээ.

АНУ-ын нутаг дэвсгэрт харьяалагддаг Пуэрто-Рико арлын 3.2 сая оршин суугчийн бараг 99 хувь нь латин буюу испани хэлтэн хүн ам.

Латин сонгогчдын саналыг татах Трампын зорилгод энэ нь хүнд цохилт болж, өрсөлдөгч Ардчилсан Намынхан ч уг алдааг нь хурдтай ашиглаж эхэлсэн юм.

Бүгд Найрамдахчуудын дотор хүртэл шүүмжлэл өрнөсөн байна.

Тэдний нэг Флорида мужийн сенатор Рик Скот “Хошигнол ямар нэр зорилготой байсан байх. Инээд хүргэхээргүй, жигшүүртэй худал зүйл байлаа” гэж шүүмжилжээ.

Конгрессын төлөөлөгчдийн танхимын куба гаралтай гишүүн Мариа Элвира Салазар комедианы ярьсан зүйлийг “жигшин зэвүүцэж” байгаагаа илэрхийлээд “Энэ яриа нь Бүгд Найрамдах Намын үнэт зүйлийг илэрхийлэхгүй” хэмээн мэдэгдсэн юм.

Энэ үйл явдал хоёр намын нэр дэвшигчид латин цөөнхийн саналд өндөр ач холбогдол өгч байгааг харуулж байна.

2024 онд АНУ даяар 36.2 сая латин сонгогч бүртгэлтэй байгаа нь англи хэлт цагаан арьстнуудын дараа хоёрт орох том хүн амын бүлэг юм.

Харьцуулбал 2000 онд 14.2 сая испани хэлтэн сонгогч бүртгэлтэй байжээ.

Equis Research байгууллагын сүүлийн санал асуулгаар латин сонгогчдын 56 хувь нэр дэвшигч Камала Харрисыг, 39 хувь нэр дэвшигч Дональд Трампыг дэмжиж байгаа нь харагдсан байна.

Гэхдээ энэ нь 2020 онд Жо Байденыг тэдний 59 хувь дэмжиж байсантай харьцуулахад бага зэрэг суларсан, 2016 онд Хиллари Клинтоныг 66 хувь нь дэмжиж байсантай харьцуулахад нэлээд хэмжээгээр буурсан үзүүлэлт юм.

Эндээс Хинчклиффийн хошигнол Бүгд Найрамдах Намын нэр дэвшигч Дональд Трампын хувьд ямар эрсдэлтэй зүйл болсныг мэдэж болохоор байна.

зураг
 

Ардчилсан Намыг ихэнхдээ дэмждэг уламжлалтай латин сонгогчид Бүгд Найрамдах Нам руу аажмаар шилжиж байгаа нь хүн ам зүйн өөрчлөлтөөс хамааралтай гэж судлаачид үзэж байгаа юм.

Тэд өмнө нь цагаачид голдуу байсан бол одоо АНУ-д хэдэн үеэрээ оршин сууж, хүн амын өөр угсаатны бүлэгтэй холилдох замаар улс төрийн үзэл бодол нь өөрчлөгдөж эхэлсэнтэй холбоотой гэж үзэж байна.

Тухайлбал Мексик улстай хил залгадаг АНУ-ын баруун өмнөд бүсийн Аризона мужийн хүн амын 34 хувь нь испани хэлтнүүд байдаг.

Тус мужид бүртгэлтэй сонгогчдын 19 хувийг хүн амын энэ бүлэг бүрдүүлж байна. Энэ нь Аризона мужийн 4.7 сая бүртгэлтэй сонгогчийн 900,000 орчим нь гэсэн үг юм.

2020 оны сонгуулиар Аризонад ерөнхийлөгч Жо Байден энд ердөө 10,000 орчим саналын илүүгээр Дональд Трампыг ялж байжээ.

Тиймээс латин сонгогчдын санал хоёр намын нэр дэвшигчдэд ямар их ач холбогдолтой нь эндээс харагдаж байна.

2024 оны сонгуулиар Аризона мужийн нийт бүртгүүлсэн сонгогчдын дөрөвний нэг буюу 25 хувийг латин сонгогчдоос бүрдүүлэх зорилготой ажиллаж байгаагаа “Mi Familia Vota” төрийн бус байгууллагын захирал Моника Сэндшафер ярьж байна.

зураг
 

Тус байгууллага латин хүн амын улс төрийн идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилготой төрөл бүрийн үйл ажиллагаа явуулдаг юм байна.

Бас хар арьстнууд, уугуул иргэдийн сонгуулийн идэвхийг нэмэгдүүлж, тэдний дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүрдэг болгохын төлөө ажилладаг ажээ.

“Бид латин өрх бүрийн хаалгыг тогшиж, тэдэнд тулгараад буй хамгийн чухал асуудлыг сонсож, түүнийгээ шийдвэрлүүлэхийн тулд дуу хоолойгоо хүргэх арга замыг зааж өгдөг.  Тухайн асуудалд нь Харрис, Трамп хоёр ямар бодлого, байр суурьтай байгааг тайлбарлан таниулж, сонголт хийхэд нь тусалдаг. Бидний зорилго бол мэдээлэл, боловсрол олгох. Хэрвээ тэдэнд сайн мэдээлэл өгвөл гэр бүлдээ хамгийн их ашиг тус өгөх сонголтыг хийж чадна гэдэгт итгэлтэй байна” гэж Моника Сэндшафер ярьж байна.