Зураг
Зураг
Индэр    
2024 оны 11 сарын 6
Зураг
iKon.mn сэтгүүлч

ТАНИЛЦ: Ваучер хэлбэрээр тараагдах ₮18.3 тэрбумыг "өмөөрсөн" урлагийн салбарын дарга нар

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Соёлын салбарын 2025 оны төсөвтэй холбогдуулан нийгэмд үүсээд буй нөхцөл байдалд тайлбар, мэдээлэл өгөхөөр соёл, урлагийн байгууллагуудын удирдлагууд, албан хаагчид, уран бүтээлчдийн төлөөлөл Төрийн ордонд болон төв талбайд мэдээлэл хийв. 

Ирэх оны төсөвт Соёлын сайдын багцад 18.3 тэрбум төгрөгийг ваучер хэлбэрээр өсвөр үеийнхэнд тараан соёлын үйлчилгээ үзүүлнэ гэх агуулгатай заалт тусгасан байв. Үүнийг нэр бүхий гишүүд хөндөж гаргаснаар нийгэмд шүүмжлэл үүсээд буй. 

Тэгвэл соёлын салбарын төсөвтэй холбоотой хэмээн мэдээлэл хийсэн энэ салбарын дарга нар үндсэндээ 18.3 тэрбум төгрөгийн төсвийг тойрч ярьсаар мэдээллээ өндөрлүүлэв. Тодруулбал, тус яамны төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал "Эрхийн бичиг гэдэг үгэнд манай сэтгүүлч, улс төрчид анхаарлаа төвлөрүүлээд байна. Гол агуулга нь Монгол Улсад буй 16-18 насны 183 мянган хүүхэд, залуучуудад үндэсний соёлын өв, язгуур эрх ашгийг зааж сургах асуудлыг бодлогын хэмжээнд авч үзэж байгаа юм. Ямар нэгэн датагүйгээр ажилладаг соёлын эрхийн бичгийн аппликэйшнийг бүтээж байгаа. Тухайн апп И-Монголиа платформтой холбогдож 16-18 насны иргэдэд манай яамнаас хэрэгжүүлж буй бодлогын контент, бүтээгдэхүүн үйлчилгээг нэгдсэн байдлаар хүргэнэ" хэмээн тайлбарласан. 

Угтаа өсвөр үеийнхэнд үнэгүй эрхийн бичиг өгч, соёлын үйлчилгээ үзүүлнэ, үүнд нь улсын төсвөөс 18.3 тэрбум төгрөгийг төсөвлөж байгааг нийгэм шүүмжилсэн. Түүнчлэн аудитын байгууллагаас ирэх оны төсөвт хийсэн дүгнэлтдээ Соёлын сайдын багц дахь 18.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хэрхэн зарцуулах, хэнд зориулах нь тодорхойгүй, холбогдох журмыг батлаагүй гэсэн байв. 

Гэтэл соёлын салбарын дарга нар "Соёлын салбарыг унагах гэж байна. Ганц хоёрхон гишүүний цаана байгаа улс төр бизнесийн бүлэглэлийн захиалгаар зохион байгуулалттайгаар шуурч байна" хэмээн асуудлыг гуйвуулав.

18.3 тэрбум төгрөгийг өсвөр үеийнхэнд ваучер хэлбэрээр тараан, соёлын салбарыг дэмжих нь зөв гэдэг Соёлын яамны байр суурийг Хүүхэлдэй театрын захирал З.Баянзул, Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Алтанхуяг, Монгол Улсын Филармонийн захирал С.Баттулга, Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргааны дарга Г.Чинболор, Үндэсний урлагийн их театрын захирал Г.Цоггэрэл, Улсын драмын эрдмийн театрын дарга Н.Наранбаатар, Хүүхэд залуучуудын театрын захирал Н.Ариунболд нар дэмжин хэвлэлийн бага хуралд оролцлоо.