Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Франц Улсын “Орано Майнинг” энгийн хувьцаат компанитай хөрөнгө оруулалтын гэрээг энэ оны нэгдүгээр сарын 17-нд байгуулсан. Энэхүү гэрээ нь Монгол Улсын Засгийн газраас гуравдагч хөрш оронтой хийж байгаа хоёр дахь томоохон хөрөнгө оруулалтын гэрээ байв. Гэрээ байгуулагдсанаар Дорноговь аймгийн Улаанбадрах суманд орших Зөөвч-Овоо ураны ордыг ашиглах төсөл хэрэгжиж эхлээд буй. Төслийг Монголын талаас хариуцан хэрэгжүүлж буй Мон Атом ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Далайжаргалтай ярилцлаа.
-Уран олборлох төслийн ажил хэр урагштай явж байна вэ?
-Төсөл үргэлжлээд явж байгаа. Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 10-нд хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аар баталсан. Түүнээс хойш бүтээн байгуулалтын ажлууд явж байгаа. Төлөвлөгөөний дагуу 2028 оны сүүлээр үндсэн бүтээгдэхүүнээ гаргаж авахаар зорьж байна. Өөрөөр хэлбэл, гурван жилийн хугацаанд жилд 2,500 тонн уран гаргах үйлдвэрийн барилга, дэд бүтцийн ажлыг хийх ёстой. Мөн 1,600 орчим хүн ажиллах ажлыг байрыг бэлдэнэ.
Гэрээ байгуулагдсанаас хойш олон улсын тендерүүд зарлагдаад, бүтээн байгуулалтын ажлууд эхлэх гэж байна.
Бүтээн байгуулалтын ажилд 120 орчим км сайжруулсан болон шороон зам, 100 км цахилгааны сүлжээ, 900 хүний түр болон байнгын оршин суух суурин, үйлдвэрийн барилга зэрэг багтаж байгаа. Эдгээр ажлыг хийхийн тулд олон улсын тендер зарлаад нийт 500 орчим сая ам.долларын бүтээн байгуулалт хийгдэнэ. Эхнээсээ замын болон цахилгааны сүлжээний тендерт манай дотоодын томоохон аж ахуйн нэгжүүд шалгараад явж байна. Ирэх жилээс бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Ингээд хоёр жилийн дотор энэ ажлуудыг хийнэ.
-Манай улс төрийн нөхцөл байдал тогтворгүй байна. Энэ нь гэрээнд ямар нэгэн байдлаар нөлөөлж байгаа болов уу?
-Нөлөөлөхгүй дээ. Яагаад гэвэл бид УИХ-аар хэлэлцүүлээд гэрээгээ байгуулчихсан. Хар үгээр хэлэхэд, бандан тас болчихсон учраас хөрөнгө оруулагч бидэнд эргэлзэж, болгоомжлоод байх зүйл байхгүй болсон.
Гэрээ байгуулахдаа УИХ дахь гурван намын бүлгээр оруулж танилцуулагдаад явсан учраас одоогийн парламентын үед лав ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй байх. Нэгэнт гэрээгээ байгуулсан учраас улс төрийн нөхцөл байдал нөлөөлөхгүй.
Харин бэлтгэл үе шатанд нэлээн олон зөвшөөрөл шаардлагатай. Тендерүүд зарлагдаж дууссаны дараа төмөр замыг өргөтгөнө.
-Хүний нөөц, мэргэжлийн боловсон хүчний хувьд хэр бэлтгэл хангасан бол?
-Манайх 2006, 2007 оноос хойш боловсон хүчнээ бэлдээд яваад байсан. Ялангуяа 2020 оноос хойш туршилтын үйлдвэрт хүмүүсээ дагалдуулаад бэлдэж эхэлсэн. Жишээ нь, Парист хоёр хүн, Казахстаны том уурхайд хоёр хүнийг зургаа сарын хугацаатай ээлжээр бэлдээд яваад байсан.
Ерөнхийдөө яг энэ процесс нь уул уурхайн процесс. Харин шар нунтгийг гаргаж ирээд хувиргах нь гидрохимийн процесс болох юм. Тэр болгонд мэргэжилтнээ бэлдсэн. Шинжлэн Ухаан Технологийн Их Сургуультай гэрээ байгуулаад мэргэжилтнүүдээ сургаад явж байгаа. 2008-2009 онд хайгуулын лиценз авсан үеэс л геологичдыг бэлдэж эхэлсэн.
-УИХ-аар гэрээтэй холбоотой асуудлыг хэлэлцэх үеэр иргэний нийгмийн төлөөллүүдийн эсэргүүцэл маш хүчтэй байсан. Одоо нөхцөл байдал ямар байгаа бол?
-Одоо харьцангуй гайгүй байгаа. Иргэний нийгмийн байгууллагууд нэг зөв зүйтэй санал гаргасан. Үндэсний хэмжээний лабораторитой болъё гэдэг асуудал яригдсан. Баахан дээж аваад гадагшаа явуулдаг. Хоёр толгойтой, таван хөлтэй төл гарлаа л гэдэг. Үнэхээр уранаас болж байна уу үгүй юу гэдгийг тогтоохын тулд дээж аваад гадагшаа явуулдаг. Үнэн худал нь мэдэгдэхгүй хариу ирдэг. Тиймээс үндэсний хэмжээний лаборатори байгуулаад дотооддоо шинжилж байя гэдэг асуудал дээр бид санал нэгдсэн. Ингээд тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Н.Учрал сайдтай ярилцаж ойлголцоод үндэсний лаборатори байгуулахаар болсон.
Иргэний нийгмийн байгууллагууд зөвлөл байгуулаад, лабораторид шинжилсэн дээжээ тэр зөвлөлд танилцуулаад хэлэлцэж байя гэдэг тохиролцоонд хүрсэн юм.
Лаборатори байгуулах, одоо байгаагийнхаа хүчин чадлыг сайжруулах асуудлыг ЗГХЭГ, Шинжлэх Ухааны Академи зэрэг байгууллага хариуцаж байгаа байх.
Хамтын ажиллагааны зөвлөлд иргэний нийгмийн байгууллага болон орон нутгийг иргэдийн төлөөлөл байх юм. Ер нь бол одоо зөвлөл байгаа. Гэхдээ тал бүрийн төлөөллийг оруулж өргөтгөсөн зөвлөл байгуулаад тэндээ асуудлаа ярьж байя гэж ойлголцсон.
-Та түрүүн бэлтгэл ажлын хүрээнд төмөр замын өргөтгөнө гэлээ. Энэ талаар тодруулахгүй юу?
-Бид боловсруулсан шар нунтгаа төмөр замаар тээвэрлэнэ. Урд хил дээрээс Хятадаар дамжаад далайгаар цааш тээвэрлэх юм. Ингэхийн тулд Зүүнбаянгийн төмөр замыг өргөтгөж, сайжруулах шаардлагатай байгаа. Гарцыг нь сайжруулж олон улсын стандарт нийцүүлнэ гэсэн үг.
Ер нь бид анх удаа ийм том төсөл хэрэгжүүлэх гэж байна. Тиймээс шинэ технологи, шинэ дэд бүтэц шаардлагатай.
Ямартай ч бид хөрөнгө оруулалтын гэрээний төслийг нээлттэй хэлэлцүүлж, түүнийгээ олон нийтэд нээлттэй ил тавьж байгаад төслөө хэрэгжүүлэхээр болоод байна. Гэтэл стратегийн ач холбогдолтой, аюулгүй байдалтай холбоотой гэдэг шалтгаанаар Нигер, Казахстан зэрэг улсууд энэ төрлийн гэрээг хаалттайгаар явуулж байсан. Манайх бол бүгдийг нээлттэй байлгаж, нээлттэй хэлэлцүүлсэн. Ингэж байж янз бүрийн хардлагыг үгүй хийсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!