Франц улсын нийслэл Парис хот энэ долоо хоногоос эхлэн түүх дурсгалын төв болсон дөрвөн дүүргээ автомашингүй болгожээ.
Тус хотын яг зүрхэнд байдаг нэг, хоёр, гурав, дөрөвдүгээр дүүргийн гудамжнуудаар мотортой ямар ч тээврийн хэрэгсэл зорчихгүй болсон байна.
Зорчихын тулд тэдгээр дүүргүүдэд ажиллаж, амьдардгаа жолооч нар батлах ёстой болжээ.
5.5 км.кв талбайтай энэ хэсэгт Луврийн музей, Вендомын ордон, Тюилри цэцэрлэг зэрэг түүхэн байгууламжууд байрладаг.
Өнгөрсөн арван жилийн хугацаанд Парис хотын захиргаа хэд хэдэн замаа автомашинаас чөлөөлж, явган зорчигчид, дугуйтай хүмүүст шилжүүлээд байгаа.
Хотын захирагч Анне Идальго 2020 онд дахин сонгогдохдоо автомашингүй дүүргүүдийг бий болгохоо амлаж байсан ч хэрэгжилт нь хэд хэдэн удаа хойшилж байв.
Ром, Милан, Мадрид зэрэг Европын бусад том хотуудад ижил арга хэмжээ авсан байдаг ч Парисын эрх баригчид энэ төлөвлөгөөг тивийнхээ “хамгийн амбицтай нь” гэж үзэж байна.
Шинэ журмын дагуу жолооч нар замаа товчлохын тулд Парисын төвөөр дайраагүй, тэнд очих хүндэтгэх шалтгаантайгаа батлан харуулах ёстой гэнэ.
Төвийн дөрвөн дүүрэгт ажиллаж, амьдардаг хүмүүс, автобус, такси, түргэн тусламжийн машин, хөгжлийн бэрхшээлтэй жолооч нарыг чөлөөтэй нэвтрүүлдэг байх ажээ.
Бас зогсоолд удахгүй, бараа хүргээд буцах автомашины жолооч нар нэвтрэх боломжтой байх гэнэ.
Журам хэрэгжиж эхэлсэн эхний зургаан сарын хугацаанд зөрчил гаргагчдыг шийтгэхгүйгээ Парисын захиргаа мэдэгджээ.
Энэ хугацаанд хэрэгжүүлэх арга замаа боловсруулах юм байна.
Шинэ хоригийн ачаар Парисын төвийн дөрвөн дүүргийн 110,000 орчим оршин суугч агаарын болон дуу чимээний бохирдолгүй орчинд амьдардаг болох гэнэ.
Гэхдээ шүүмжлэгчид нь үүнийг Парис хотын замын ачааллыг нэг хэсгээс нөгөө хэсэгт шилжүүлэхээс өөр үр дүнгүй гэж үзэж байна.
Харин Парисын эрх баригчид хөрш зэргэлдээ дүүргүүдийн замын ачаалал бараг нэмэгдэхгүй гэж тооцоолсноо хариу мэдэгджээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!