Нийслэлээс хэрэгжүүлэхээр төлөвлөж буй дэд бүтцийн томоохон төслүүд дээр хамтран ажиллах боломжийг судлахад бэлэн гэдгээ Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Сандра Шүфани илэрхийлжээ. Тэрбээр 2023 онд Монгол дахь үүрэгт ажлаа хүлээн авсан юм.
“Нийслэл хот их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метрог барьж байгуулах, шинэ тойрог замын сүлжээг бий болгох, гэр хорооллын дахин төлөвлөлт буюу орон сууцжуулах зэрэг томоохон төслүүдийг төсвийн болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж буй. Энэ хүрээнд Канад улсын туршлагаас судлан, хамтран ажиллах боломжтой”-г хотын дарга Элчин сайдыг хүлээн авч уулзах үеэрээ илэрхийлсэн байна.
Харин Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Сандра Шүфани “Нийслэлээс хэрэгжүүлэхээр төлөвлөж буй дэд бүтцийн томоохон төслүүд дээр хамтран ажиллах боломжийг судлахад бэлэн. Цаашид хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахдаа таатай байх болно” гэж мэдэгджээ.
1973 онд Монгол, Канад улсын хооронд дипломат харилцаа тогтоосон түүхтэй байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!