Токио, Осака хотуудын хооронд суман галт тэрэг зорчдог болсноос хойш 60 жилийн дараа Японы эрх баригчид бас нэг өвөрмөц тээврийн дэд бүтэц байгуулах боломжийг судалж эхэлжээ.
Энэ нь үйлдвэрийн туузан дамжлагатай адил ачаа тээвэрлэх дэд бүтэц юм.
Дэлхийд дөрөвт орох том эдийн засагтай тус улсын хоорондоо 515 км зайтай хоёр хотын хооронд ачаа тээвэр, бараа хүргэлтийн эрэлт хэрэгцээ хурдтай нэмэгдэж байгаа.
Гэвч нөгөө талаар хүн ам нь хөгширч, биеийн хүчний ажил хийх хүсэлтэй хүн ховордсон Японд ачааны автомашины жолооч хомсдолтой байна.
Дээрх шийдэл нь уг хомсдолтой холбоотой асуудлыг шийднэ гэж үзэж байгаа гэнэ.
Бас хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нэг арга зам гэж уг төслийг хариуцаж буй Японы зам тээврийн яамны албан тушаалтан Юри Эндо үзэж байна.
“Бид замын талаар хуучирсан ойлголтоо өөрчлөх хэрэгтэй. Энэхүү урсдаг замын систем нь 24 цаг, хүний ямар ч оролцоогүй ажилладаг ачаа тээврийн дэд бүтэц байх юм” гэж Эндо тайлбарлажээ.
Шинэ дэд бүтцийн туршилт 2027-2028 оны үед эхэлж, ирэх арваны дундуур бүрэн ажиллагаанд орсон байх гэнэ.
Зардлын талаар албаныхан мэдээлэл өгөөгүй ч Ёмиури Шимбун сонин 3.7 их наяд иен ($24 тэрбум) орчим болох талаар мэдээлжээ.
Гэхдээ шинэ систем нь зөвхөн хот хоорондын тээврийг гүйцэтгэх ба хот доторх хүргэлтийг хүн хариуцсан хэвээр байх юм байна.
Шинэ тээврийн систем нь өдөр бүр 25,000 жолоочийн хийх ажлыг гүйцэтгэх тооцоог яам гаргажээ.
Японы дотоод ачаа тээврийн 90 хувийг ачааны автомашин гүйцэтгэдэг. Энэ онд ачаа тээврийн жолооч нарыг илүү цагаар ажиллуулахыг хориглох хууль үйлчилж эхлэх гэж байгаа.
Ингэвэл жолоочийн хомсдол улам гүнзгийрэхээр байна.
Хэрвээ энэ хомсдолыг шийдвэрлэхгүй бол энэ арваны сүүлээр Японы ачаа тээврийн багтаамж 34 хувиар буурах тооцоотой байгаа.
Коронавирусийн цар тахлын үеэр Японд ачаа бараа хүргэлтийн эрэлт хэрэгцээ эрс нэмэгдэж, байнга ашигладаг өрхүүдийн эзлэх хувь 40-өөс 60 хувь болж нэмэгджээ.
Эх сурвалж: The Guardian
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!