Уншиж байна ...

Р.Булгамаа: Хэргийн нотлох баримтуудыг товч тэмдэглээд гарах эрх хүртэл өмгөөлөгчдөд хязгаарлагдмал байна

П.Сайнжаргал, IKON.MN
49 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд өнөөдөр 10:00 цагт эхэллээ. 

Үүнтэй холбоотойгоор түүний өмгөөлөгчид шүүхийн гадна мэдээлэл хийлээ. 

"Нууц гэдэг нэрийн дор хүний эрхийг дордуулдаг, эрхээ бүрэн хамгаалуулах боломжийг олгохгүй байна"



Өмгөөлөгч Р.Булгамаа "Давж заалдах шатны шүүх нь Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянах чиг үүрэгтэй.

Иймд хууль хэрэглээний хувьд хүний эрх зүйн байдлыг дордуулсан ямар асуудал байгааг бодитой нарийвчилж авч үзэх байх.

Цаашид хүний эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд ямар тохиолдолд тусгаарлах, ямар тохиолдолд нээлттэй байхыг хүртэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нарийвчлан зохицуулах хэрэгцээ шаардлага байгаа нь харагдлаа. 

Тэр байтугай хамтран ажиллаж байгаа өмгөөлөгч нарын тухайд хүртэл гэм буруутай гэж буруутгагдаж байгаа нотлох баримт, хавтаст хэргүүдтэй нэг бүрчлэн танилцаад товчлол, тэмдэглэл хийгээд шүүхээс авч гарах эрх хүртэл өнөөдөр хязгаарлагдсан байна.

Бид яаж тэр олон хавтаст хэрэг, нотлох баримтыг тэд дүгээр талд тийм өгүүлбэр, ийм зүйл байгаа гэдгийг нэг бүрчлэн цээжлэх вэ. 

Хуульд заасан нууцын баталгааг өгөөд задруулахгүй гэж албан ёсоор баталгаа өгч байгаа.

Хэрэв задруулбал Эрүүгийн хариуцлага хүлээхэд татгалзах зүйлгүй гэж илэрхийлж байгаа ч өнөөдөр бид үйлчлүүлэгчийнхээ хууль ёсны эрхийг хамгаалахтай холбоотой нотлох баримтуудын талаар товчлол тэмдэглэл хийгээд гарах эрх хүртэл хязгаарлагдмал.

Нууц гэдэг нэрийн дор хүний эрхийг дордуулдаг, эрхээ бүрэн хамгаалуулах боломжийг олгохгүй байгаа нь хууль зүйн хувьд асар том шинэчлэл хийх шаардлагатайг илтгэж байна" гэлээ. 

Өмгөөлөгч П.Эрхэмбаяр хэлэхдээ "Шүүх хурлыг хаалттай явуулах үндэслэлтэй гэж шүүх үзсэн.

Хоёр үндэслэлээр хаалттай явна. 

  • Нэгдүгээрт бага насны хүүхдийн эрхтэй холбоотой асуудал
  • Хоёрдугаарт төрийн нууцтай холбоотой асуудал 

Гэхдээ дан ганц төрийн нууцтай холбоотой хэрэг биш татвар төлөхөөс зайлсхийсэн зэрэг хэрэг байгаа учраас зарим хэргийг тусгаарлах боломжтой байсан. 

Өөрөөр хэлбэл нууцыг хадгалсан гэдгээр буруутгаж байгаа юм бол хэн нэгэн тэр материалыг гаргасан байж таарна. Үүнтэй холбоотой хэсгийг нь тусгаарлах логик харагдаад байна" гэлээ. 

"Давж заалдах шатны шүүх хуралд 2-3 өмгөөлөгч нэмж орж байгаа"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үргэлжлүүлэн өмгөөлөгч Р.Булгамаа "Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэн бүрийн баталгаатай эдлэх эрх, эрх чөлөө бодит байдал дээр хэрхэн хэрэгжиж байна вэ. 

Иргэн Н.Өнөрцэцэгийн тухайд Анхан шатны шүүх хуралдаанд Үндсэн хуульд зааснаар өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх эрхээ хязгаарлуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай субъект болох өмгөөлөгчтэй оролцох эрхээ эдэлмээр байна гэх хүсэлтийг гаргасан боловч шүүх хүсэлтийг хангаагүй явсан нь өөрөө дараах үр дагаврыг авчирч байгаа. 

  • Үндсэн хуулийн хэм хэмжээг зөрчөөд зогсохгүй Эрүүгийн хууль болон Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн тухай хуульд зааснаар аливаа хүнийг яллахдаа нэг талд нь улсын яллагч хохирогч, өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид байна. Монгол Улсын төрийн шүүхээр гэм буруугаа тогтоолгож байгаа хүн хууль зүйн туслалцаа авах эрхийнхээ хүрээнд өмгөөлөгчтэй байх эрхийг нь хангуулж, мэтгэлцэх зарчмын хүрээнд шүүх хурал нотлох баримтад үндэслэн явагдах учиртай.
  • Н.Өнөрцэцэгт холбогдох асуудалд маш олон хавтаст хэрэг бүрдсэн байдаг. Тэдгээр хавтаст хэргийн нотлох баримт бүрийг шинжлэн судалж, өөрийгөө хамгаалах нь иргэн бүрд амаргүй асуудал. Нэг эмэгтэй 10-аад хүний эсрэг ганцаараа өөрийгөө өмгөөлж, өмөлзөж, бүлтгэнэж зогсох нь бүү хэл эрх зүйч, хуульч хүмүүс хүртэл үүнийг даваад гарахад амар биш.

Монгол Улс хүмүүнлэг, ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлнэ гэж тунхагласан. Тэгвэл хүмүүнлэг нийгмийн амин сүнс нь хүний эрх мөн. 

Ямар ч хүн өөрөө өөрийгөө өмгөөлүүлэх эрхээ эдлэх боломж тэгш байх ёстой юм. Тийм учраас өнөөдөр Давж заалдах шатны шүүхэд Анхан шатны шүүх хуралдааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд анхнаасаа явсан өмгөөлөгчдөөс гадна нэмэгдэж 2-3 өмгөөлөгч орж байгаа" гэлээ. 

Ийнхүү шүүхийн гадна сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгчид, ар гэрийнхэн мэдээлэл өгч байна. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн том хүү “Ээжийгээ гараад ирэх байх гэж найдаж байна. Ээжийгээ санаж байна” гэсэн юм.