Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

УБТЗ-ын Чулуун заводын уулын цул боловсруулах шинэ бутлуурын шугам ашиглалтад орлоо

ikon.mn
2025 оны 8 сарын 7
IKON.MN
Зураг зураг

УБТЗ-ын Чулуун завод Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт 1956 онд ашиглалтад орж, Олон-Овоо-1 ордод үйл ажиллагаагаа явуулж, уулын цулыг буталж, ангилан төмөр замын засвар, бүтээн байгуулалтад нийлүүлж ирсэн юм.

Тус үйлдвэр 2020 оноос үйлдвэрлэлийн баазаа өргөтгөн Олон-Овоо-2 ордод үйл ажиллагаагаа шинээр эхлүүлсэн нь төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг амжилттай үргэлжлүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн.

УБТЗ-ын Чулуун заводын үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, өртөг зардлыг бууруулах, байгаль орчны сөрөг нөлөөллийг арилгахын тулд Олон-Овоо-2 ордод уулын цул боловсруулах бутлуурын шугамыг шинээр ашиглалтад орууллаа.

зураг
 

Энэхүү шинэ шугам ашиглалтад орсноор жилдээ 250 мянган шоо метр уулын цул боловсруулах бөгөөд үүний 70 хувь нь гол нэрийн бүтээгдэхүүн болох 20-60 мм-ийн замын чигжээс чулуу, үлдсэн 30 хувь нь 10-20 мм-ийн хайрга, 5-10 мм-ийн дайрга, 0-05 мм-ийн шороо гэсэн дөрвөн төрлийн бүтээгдэхүүн байх юм.

Өмнө нь ашиглаж байсан Олон-Овоо-1 орд дахь бутлах шугам нь суурьшлын бүсэд ойрхон байсан учраас агаарын бохирдол үүсгэж, тоосжилт их байсан бол үйлдвэрлэл Олон-Овоо-2 ордын ашиглалтын талбайд ийнхүү шилжсэнээр иргэдийн эрүүл, ая тухтай амьдрахад эерэг нөлөө үзүүлэхийн зэрэгцээ, тээврийн зардлыг эрс бууруулж, үйлдвэрлэлийн бааз суурийг нэг газар төвлөрүүлэх боломжийг нээж байна.

зураг
 

Ийнхүү УБТЗ-ын Чулуун заводын шинэ бутлуур шугам ашиглалтад орсноор үйлдвэрлэлийн олборлох үйл ажиллагаа 40-50 жилээр уртсаж, зөвхөн төмөр замын бүтээн байгуулалтад төдийгүй авто зам, барилгын салбарын бүтээн байгуулалтад чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх шинэ боломжийг бүрдүүлж байна.

 

Эх сурвалж: “УБТЗ” ХНН

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.