"Боловсролын салбарт 4,000 хүн цомхотгоно" гэх мэдээлэлтэй холбогдуулан Боловсролын Яамнаас хэвлэлийн хурал зарлаж, дараах тайлбар мэдээллийг өнөөдөр хүргэлээ.
Энэ үеэр бүх шатны сургууль, цэцэрлэгийн багш нарыг цомхотгоно, хална гэсэн ойлголт байхгүйг Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулга хэлж байв.
Мөн тэрбээр "Ерөнхий Боловсролын Сургууль, цэцэрлэгийн өмнөх боловсрол, мэргэжлийн боловсролыг оролцуулаад манай боловсролын салбарт нийт 94,000 орчим багш ажилтан, албан хаагч ажилладаг. Үүнээс 48,000 орчим нь багш нар.
Багш нарыг халах байтугай одоо Монгол Улс даяар нийт 3,000 орчим багшийн дутагдалтай байна. Тиймээс цомхотгоно гэсэн ойлголт байхгүй.
УИХ, Засгийн газраас барьж байгаа бодлогын хүрээнд төрийн албан хаагчдын есөн хувийг цомхотгох гэж яриад байгаа. Энэ нь багшаас бусад ажилтан, албан хаагчдад хамаарч байгаа.
Боловсролын салбарын тухайд дээрх тоог үлдсэн 45,000 дээр бодоход "4,000 орчим хүнийг халах нь ээ" гэх ийм буруу мэдээллийг өгч байна.
Харин эсрэгээрээ цомхотголд боловсролын удирдлагын байгууллагууд, Боловсролын Яам болон тус яамны харьяа байгууллагуудаас цомхотголд орж байгаа. Чиг үүргийн давхцлын дүн шинжилгээг хийснээр төрийн албаны цомхотгол, шинэчлэл явагдаж байна.
Оны эхнээс явсан Засгийн газраас хэрэгжүүлж байгаа ажил.
Тухайлбал Боловсролын Яам гэхэд харьяа 10 газартай байсан бол одоо зургаан газартай болж буй. Удирдлагын байгууллагууд дээр цомхотгол, орон тоо багасаж байгаа явдал бий.
Дахин хэлэхэд багш нарыг цомхотгохгүй. Харин ч багш нар илүү их хэрэгтэй байна.
Хууль ёсоор ажиллаж байгаа албан хаагчдаас нэг нь ч цомхотголд орохгүй, хасагдахгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!