Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

Канадад гарсан ой хээрийн түймрийг шувуу тавьсан гэж мэргэжилтнүүд дүгнэжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Канад улсын баруун хэсэгт гарсан ой хээрийн түймрийг зэрлэг шувуу тавьсан гэх дүгнэлтийг мөрдөгчид гаргажээ.

Тэд дүгнэлтдээ долдугаар сарын 30-ны өдөр Бритиш Колумбиа мужийн Ашкрофт хотоос өмнө зүгт 6 км зайд гарсан түймрийн газраас олдсон шатсан загасны зургийг хавсаргасан байна.

Тэнгисийн шонхор гэгддэг нэг төрлийн махчин шувуу нисэж байхдаа хэт халуун цаг агаарын улмаас ядарч, ангийн олзоо алдаж унагасан гэх таамгийг мөрдөгчид дэвшүүлжээ.

Загас унахдаа өндөр хүчдэлийн шугамд хүрсний улмаас түлэгдэж, хуурай өвстэй газарт унахдаа түймэр тавьсан гэж үзэж байна.

зураг
 

“Бидний таамаглаж байгаагаар түүхий загаснаас уйдсан шувуу олзоо шарж идэхээр шийдсэн  байж болзошгүй байна” гэж Ашкрофтын Гал түймэртэй тэмцэх алба сошиал хуудсаараа хошигнон мэдээлжээ.

Гал гарсан газар нь хамгийн ойрхон голоос 3 км зайтай байсан байна. Шувуу голоос шүүрсэн загасаа энэ хүртэл авч ниссэн бололтой. Бас загасны том хэмжээ шувууг цуцахад хүргэсэн гэж мөрдөгчид таамагласан байна.

Галын албаны мэдэгдэлд “гол сэжигтэн ямар нэг бэртэл гэмтэлгүй үлдсэн бололтой” гэж хошин байдлаар тайлбарлажээ.

Энэ гал түймрийн улмаас Ашкрофт хотын эрчим хүчний хангамж богино хугацаанд тасалдсан бөгөөд гал сөнөөгчид 18,000 орчим литр усаар унтраасан байна.

 

Эх сурвалж: Associated Press