Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Даваадалай: Өндөр гэгээн анхдугаар Богд Жавзандамбын зуны ордны дэргэд барилга барих зөвшөөрлийг цуцална

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Богдын Хүрэн ордон буюу "Хайстайн Лаврин" гэх түүхэн дурсгалт барилгын зүүн талд амины орон сууц барьж буй асуудлаар албаны хүмүүс өнөөдөр мэдээлэл өглөө.

Нийслэлийн засаг даргын орлогч Т.Даваадалай: Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны иргэн О.Баасандоржийн барилга барьж байгаа газарт ирээд байна.

Тус хорооны нутаг дэвсгэрт байрлах Өндөр гэгээн анхдугаар Богд Жавзандамбын зуны ордон нь түүх соёлын үл хөдлөх дурсгалт газарт тооцогдсон. Уг ордны дэргэд барилга байгууламж барих зөвшөөрлийг иргэнд олгосон байна. Барилга угсралтын ажлыг НХШГ-аас шалгаж, зөрчлийг арилгуулах шаардлага тавьсан. 

Уг газрыг иргэн худалдаж авч, А даалгавар буюу барилга байгууламж барих зөвшөөрлийг 2023 онд авсан юм билээ. Тус газарт барилга барих нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг зөрчиж байгаа юм. Хуульд байгалийн түүх соёлын дурсгалт зүйлээс 100 метрээс гурван километрийн зайд сүр бараа үзэмжийг дарах барилга байгууламж барих, газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, түүх соёлын зүйлийг хөндөх эвдэх ажиллагаа явуулахыг хориглосон байдаг.

Ерөнхий сайдын зүгээс өв соёлын газрыг хамгаалалтад авч, газрыг чөлөөлөхийг үүрэг болгож, ажлын хэсгүүд байгуулагдсан. Энэ дагуу хуульд нийцүүлэн сонсох ажиллагаа зохион байгуулах тухай танд мэдэгдэх байх. 

Тус газрыг чөлөөлж, барилга барих зөвшөөрлийг цуцална гэдгээ мэдэгдэж байна. Ингэснээр түүх соёлын өв болсон барилгыг авч үлдэх зорилготой юм. Харин газар эзэмших эрхийг зөвшилцөж, иргэнийг хохироохгүй.

Нийслэлийн ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр: Хуулийн дагуу өнөөдрөөс эхлэн наймдугаар сарын 15-ныг хүртэл сонсох ажиллагаа зохион байгуулах мэдүүлгийн хугацааг өгч байгаа. Энэ хугацаанд холбогдох иргэн материалуудаа бүрдүүлж, сонсох ажиллагаанд заавал ирэх ёстой.

Загвар зургаа батлуулаагүй, зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын ажлыг эхлүүлсэн зөрчил илэрсэн байна.

Өндөр Гэгээн Богд Жавзандамбын зуны ордныг 2020 онд соёлын өвд бүртгэсэн ч үнэлэх, сэргээн засварлах журмуудыг батлах нэн шаардлагатай байгаа юм.

Нийслэл хотын түүхэн дурсгалт, архитектурын хэв шинжтэй барилга байгууламжид өргөтгөл хийхгүй байх хатуу шаардлагыг тавьж байгаа. Харин соёлын өвд бүртгэгдсэн барилгыг анх баригдсан чигээр нь хадгалах журмыг батлуулах саналыг Соёлын яаманд хүргүүлсэн.

Нийтийн эдэлбэр газар руу шат довжоо оруулж барихгүй байхыг ААН, иргэдэд уриалж байна.

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас Нийслэлийн Засаг даргын 2007 оны 523 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх 700 м.кв газар (Богд хааны Хүрэн ордны хажуу талын)-ыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлсэн шийдвэр хууль тогтоомжид нийцсэн эсэхийг шалгаж, хууль зөрчсөн албан тушаалтныг хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулж, учруулсан хохирлыг нэхэмжлэх, үр дүнг энэ сард багтаан танилцуулахыг үүрэг болгожээ.