Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Цаг уурын инженерээр зарим жилд өнжөөд 1-2 оюутан элсдэг. Гэтэл мэргэшсэн боловсон хүчнүүдээ цомхотгох гэж байна"

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 8 сарын 7
iKon.MN
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Төрийн албыг цомхон, үр бүтээмжтэй байлгахад анхаарч, чиг үүргийн давхардалтай орон тоог цөөлөн цалингийн зардлыг хэмнэнэ. Ингэхдээ газар, хэлтсийн дарга нараас эхэлнэ гэж Засгийн газраас мэдэгдээд буй. 

Гэтэл бодит байдал дээрх төрийн албаны "9%"-ийн цомхотголд олон жил тууштай ажиллаж, мэргэшсэн анхан шатанд ажилладаг хүмүүс өртөж байгааг Үйлдвэрчний эвлэлийн холбоодоос мэдээлэв.

Тодруулбал өчигдөр Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар(ЦУОШГ)-ын харьяа 21 аймаг дах Цаг уур, орчны шинжилгээний газар бүрээс долоо буюу нийт 147 ажилтныг цомхотгох тухай шийдвэр олны анхааралд орсон юм. Энэ асуудлаар өнөөдөр Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо(МҮЭХ)-ны байранд салбарын ажилтнууд, үйлдвэрчний эвлэлийн хороодын төлөөлөл хэвлэлийн хурал зохион байгууллаа. 

МҮЭХ-ны ерөнхийлөгч Э.Тамир "Цомхотгол хийж буй энэ салбар уг нь бол тун онцлогтой. Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэн, эрдэм шинжилгээ, байгаль орчны салбарын ажилтнуудын ажлын үр дүнгээс эдийн засгийн олон салбарын тогтвортой үйл ажиллагаа хамаардаг. Тэдний судалгаа, шинжилгээний дүгнэлтээс хөдөө аж ахуй, зам тээвэр, агаарын тээвэр, мал аж ахуй зэрэг олон салбар шууд хамааралтай байдаг.

Төр дижитал шинэчлэл хийнэ, хиймэл оюуныг ашиглана, автоматжуулна гэж байгаа хөгжил дэвшлийг бид ойлгоно. Гэхдээ энэ дижитал шинэчлэл хийхийн ард хэдэн хүний амьдрал хөндөгдөх вэ гэдэгт ул суурьтай хандахгүйгээр шууд хийх нь алдаа дутагдалтай.

Дижитал шинэчлэл хийхийн тулд эртнээс төлөвлөх ёстой. Ажилгүй болж буй хүмүүсээ ямар ажлын байранд шилжүүлэх вэ, өөр ажилд шинээр сургах механизм ямар байх вэ зэрэг нь тодорхой байх хэрэгтэй бөгөөд ажиллуулах боломжгүй нөхцөлд тэтгэвэр тэтгэмжийн асуудлыг ажилтны төлөөлөгчтэй зөвшилцөх ёстой. Төр эдгээр үүргээ биелүүлмээр байна" гэв.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Хүнс, Хөдөө Аж Ахуй, Байгаль Орчны Ажилтны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дарга О.Гантуяа "Цаг уурын байгууллага бол иргэд, аж ахуйн нэгжүүдийг мэдээллээр хангадаг эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, үйлчилгээний онцлогтой газар. Нийтдээ 1,800 гаруй хүн энэ салбарт ажиллаж байгаагаас цомхотголоос 1,478 хүн ажиллахаар батлагдлаа.

Цомхотголд нарийн мэргэжлийн инженер, техникийн ажилтнуудыг хамруулж байна. Манай салбарт хүний нөөцийн бодлого угаасаа алдагдчихсан. Цаг уурын инженерээр их, дээд сургууль элсэлт авахад зарим жилд өнжөөд 1-2 оюутан авч байна. Хүний нөөцийн бодлого нь алдагдсан энэ салбарт мэргэшсэн боловсон хүчнүүдээ цомхотгоно гэдэг нь салбарын яам, асуудал хариуцсан дарга нарын хариуцлагагүй алхам болж байна" гэв.
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хөвсгөл аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн үйлдвэрчний хорооны дарга, ус судлалын инженер н.Балжинням "Цаг уурын салбарыг иргэд зөвхөн цаг агаарын урьдчилсан мэдээлэл хүргэдэг гэж ойлгоод байдаг. Манай цаг уурын салбар нь маш олон төрлийн эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийдэг. Жишээлбэл нислэгийн цаг уурын үйлчилгээ, уур амьсгалын судалгаа, гадаргын усны болон мөстөлт, мөсөн голын судалгаа, агро-цаг уур, хөдөө аж ахуйн цаг уур, агаар, хөрс, байгаль орчны шинжилгээнүүдийг анхан шатны нэгжүүдэд хийж, ЦУОШГ болон Ус, цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнд цаг минут тутамд дамжуулдаг.

Гэтэл энэ албан хаагчдыг маань цомхотгох гэж байгаа тул төлөөлж ирлээ. Энэхүү шийдвэрээ холбогдох удирдлагууд эргэн харна гэж найдаж байна" гэв.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дорноговь аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга н.Сэлэнгэ "Цаг уурчдын цомхотгол хуульд нийцсэн үү гэдэг нь эргэлзээтэй байна. Засгийн газраас баримтлаад байгаа "9%" гэдэг нь манай цаг уурын байгууллагад давсан. Дорноговь аймгийн хувьд 66 орон тоог 58 болгож, 14 хувийг хал гэсэн.

Цаг уурын байгууллага бол төрийн албаны хувьд хаягдсан гэж болно. Хамгийн багаар цалинжиж, төрийн бусад албан хаагчдын авч байгаа тэтгэмж, нэмэгдэл, урамшууллыг авдаггүй. Хөдөө сумдад ажиллаж байгаа хүмүүс илүү цаг, баяр ёслолын мөнгө гэж авдаггүй. Харуулын ажиглагч нь сарын бүх хоногт тасралтгүй ажиллаж, ээлжийн амралтаа ч авч чаддаггүй. 

Хүний нөөцийн дутагдалд орсон. Дорноговь аймаг их сургууль төгссөн таван инженертэй. Тэднээс халах жагсаалтад орчихсон байна. 10-12 жил ажилласан туршлагатай хүмүүс. Мөн 1-2 жил ажиллаад тэтгэвэрт гарах хүмүүс маань цомхотголд орохоор байна. Энэ хүмүүс бусад төрийн албаныхан шиг таван жилийн урамшууллаа авч үзээгүй ч ганцхан жил ажиллаад тэтгэвэрт гарахдаа 36 сарын тэтгэмжээ авна шүү дээ гээд бодож байтал нь шууд халах гэж байна" гэв.

https://www.facebook.com/MUEHolboo/videos/1099251232167288