Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын олигархиас хурааж авсан тансаг ангиллын дарвуулт хөлгийг зарах дуудлага худалдааг АНУ-ын эрх баригчид зарлав

Т.Давааням, ikon.mn
2025 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын засаг захиргаа өчигдөр $325 саяын үнэтэй “Amadea” тансаг ангиллын дарвуулт хөлгийг зарах дуудлага худалдааг зарлажээ.

Энэ нь Украины дайн эхэлсэн цагаас хойш хураагдсан Оросын эзэмшлийн дарвуулт хөлгүүдээс зарагдаж буй анхны тохиолдол юм.

Дуудлага худалдаа есдүгээр сарын 10-нд хаагдана.

Украины дайныг дуусгахын тулд Оросын эрх баригчдад АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дарамт шахалт үзүүлж буй цаг үетэй энэ үйл явдал давхцаж байна.

Оросын олигархиудын хураагдсан эд хөрөнгийг зарах нь тэднээр дамжуулан Путинд үзүүлэх шахалтыг нэмэгдүүлнэ гэж АНУ-ын эрх баригчид үзэж байгаа юм.

Гурван жилийн өмнө хураагдсан “Amadea” хөлгийг 2017 онд Германы Lurssen компани үйлдвэрлэж байжээ.

Одоо энэ хөлөг Сан Диего хотын боомтод байрлаж байгаа юм.

Нэрт дизайнер Франсуа Зуреттигийн 106 метр урт энэ бүтээл гантиг чулуун доторлогоотой, нийт найман өрөөтэй, гоо сайхны салон, спа, дасгалын өрөө, усан сан, цахилгаан шат, нисдэг тэрэг буух тавцантай.

Хөлөг нийт 16 зорчигч, 36 ажилтан багтаах зайтай юм.

“Amadea” хөлгийг оффшор компаниудаар дамжуулан захиалсан тул жинхэнэ эзэн нь тодорхойгүй байгаа гэнэ.

Хөлөг Кайманы арлуудад бүртгэлтэй, тэнд үйл ажиллагаа явуулдаг Millemarin Investments нэртэй компанийн өмч юм байна.

2018 онд мөнгө угаалтын хэргээр АНУ-ын хар жагсаалтад орсон Оросын улс төрч асан, эдийн засагч Сулейман Керимов уг хөлгийн эзэн байх магадлалтай гэнэ.

Гэхдээ Оросын төрийн өмчит газрын тос, байгалийн хийн Роснефть компанийн гүйцэтгэх захирал асан Эдуард Худайнатов хөлгийг өөрийн өмч гэж мэдэгдээд байгаа ажээ.

АНУ-ын прокурорын албаныхан үүнийг жинхэнэ эзэн Керимовыг нуух гэсэн оролдлого гэж үздэг юм байна.

Хөлгийг худалдаж авахыг сонирхсон этгээдүүд дуудлага худалдаанд оролцохын тулд 10 сая еврогийн барьцаа төлөх ёстой ажээ.

Дуудлага худалдаанаас олсон орлогыг 2024 оны тавдугаар сард батлагдсан хуулийн дагуу АНУ-аас Украинд үзүүлэх тусламжийн санхүүжилтэд зарцуулах юм байна.

 

Эх сурвалж: Associated Press