Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өнөөдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн билээ. Энэ үеэр түүнээс "Дулааны Гуравдугаар Цахилгаан Станц" ТӨХК (ДЦС-3) дээр гарсан гэмтлийн талаар тодруулав.
Сайд энэ тухай "Эрчим хүчний салбар нэг өдөрт л ийм болчихсон юм биш. 103 жилийн түүхтэй энэ салбарт сүүлийн 35 жилийн хугацаанд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн гэдгийг бүгд мэдэж байгаа.
ДЦС-3 дээр энэ сарын 1-нд техникийн саатал гарсан. Тодруулбал их засвар хийгээд дахин ачаалах туршилт хийх үеэр гэмтэл гардаг. Туршилтын үеэр тодорхой хэмжээнд тэсрэлт явагдана. Яг ийм төрлийн саатал өнгөрсөн жил ДЦС-3 дээр 15 удаа давтагдсан байна.
Энэ дулааны станц 12 мВт-ын дөрөв, 25 мВт-ын дөрөв, сая гэмтдэг 50 мВт-ын нэг турбин нийлээд 198 мВт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай. Үүнээс сая гэмтдэг есдүгээр турбинаас бусдынх нь ашиглалтын хугацаа бараг хоёр дахин хэтэрсэн. 1960-аад оны дунд үеэс хойш 60 гаруй жил болж буй станц. Яг үнэнийг хэлэхэд энэ станцын зуух ашиглалтаас гарах магадлал өндөр байна.
Тийм учраас өнгөрсөн жил ДЦС-3 дээр зургаадугаар турбиныг Эрчим хүчний салбарын хяналтын газраас аюулгүй байдлын үүднээс зогсоосон.
Станцын хүчин чадлыг бүхэлд нь сайжруулахын тулд 300 мВт-аар өргөтгөхөөр төлөвлөсөн. Өмнө нь дурдсан дөрвөн төрлийн 25 мВт-ыг буулгаад оронд хоёр ширхэг 125 мВт-ыг турбин барина. Мөн 50 мВт-ын цахилгаан, 100 мВт-ын дулааны хүчин чадалтай хоёр станц барих асуудлаар ОХУ-ын Засгийн газартай хэлэлцээ хийж буй.
Харамсалтай нь ОХУ-ын талаас өндөр үнэтэй санал тавиад байгаа учраас Засгийн газар хоорондын гэрээгээр зохицуулахаар явж байна. Энэ гэрээ хийгдсэний дараа өртгийг БНХАУ-ын үйлдвэрлэгчидтэй ойролцоо үнэтэй бол станцыг шинэчлэх ажил үе шаттай явагдана.
Манай эрчим хүчний салбар маань өртгөөсөө доогуур үнээр борлуулагдаад олон жил болсон. Энэ алдагдал маань өр төлбөр болоод дампуурахад бэлэн болчихсон байсан тул үнэ өсгөх нь гарцаагүй хийгдэх ажил байсан юм. Би сайд болоод хоёр удаа эрчим хүчний үнийг нэмсэн. Эхнийх нь 2022 оны арванхоёрдугаар сард, дараагийнх нь 2024 оны арваннэгдүгээр сарын 15-наас нэмсэн. Өнгөрсөн жилийн нэмэгдлээр ₮547 орчим тэрбум орлого олсон.
Үүний ₮110 орчим тэрбумаар нь Ширээ-Овоо, Багануур, Шарын голын уурхайн нөөц худалдааны үнийг нэмэхэд зарцуулсан. Мөн ₮200 орчим тэрбумаар энэ салбарт ажилладаг иргэдийн цалин нэмэхэд зарцуулагдсан байна. 2025 оны арванхоёрдугаар сарын 31-нд гэхэд ямар хэмжээний орлого олж, түүнийгээ хэрхэн зарцуулснаа бодит гүйцэтгэлээр нь тайлагнана.
Дулааны үнийг 2025 оны тавдугаар сарын 16-наас хойш буюу 2024-2025 оны галлагааны улирал дууссаны дараа Эрчим хүчний зохицуулах хорооноос үнэ нэмэх шийдвэр гаргасан ч Засгийн газрын 132 дугаар тогтоолоор уг шийдвэрийг 2025 он дуустал хойшлуулах шийдвэр гаргасан" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!