Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

"ДОХ-ын халдварыг тогтоон барих төсөл хөтөлбөрийн гадаад санхүүжилт 2027 оноос зогсоно"

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 8 сарын 7
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эрүүл мэндийн салбарын 2026 оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлэг өнөөдөр болж байна. Энэ үеэр "Залуус эрүүл мэндийн байгууллага" ТББ болон "Төгс бүсгүйчүүд" ТББ-ын зүгээс нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээний зардлын төсвийг оновчтой хуваарилах тал дээр дараах саналыг илэрхийлэв.

Оновчтой хуваарилахын тулд хөтөлбөр болгоныг нь нарийвчлан авч үзэх нь зөв гэв. Дээрх байгууллагууд нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Эрүүл мэндийн яамны стратегийн удирдлага дор, ХӨСҮТ-ийн мэргэжил аргазүйн дэмжлэгтэйгээр эрсдэлт бүлгийн хүн амд ДОХ-ын халдварыг тогтоон барих төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн байна. 

Уг төсөл хөтөлбөрүүд нь Глобал сангийн 100 хувийн санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгждэг ба үр дүнд нь өнөөг хүртэл ДОХ-ын халдвар нийт хүн амд дэгдэлгүй, тогтвортой түвшинд тогтоон барьж чадсан гэв. Улмаар өнгөрсөн хугацаанд 14,000 хүнийг ДОХ-ын халдвараас өвчлөхөөс сэргийлж чадсан гэх тооцоолол гарчээ.

Манай улсын эдийн засгийн ангилал өөрчлөгдсөн болон Трампын засгийн газрын шийдвэрээр дэмжлэг шаардлагатай улс орнуудын санхүүжилт багассан учир ирэх 2027 оноос уг үйл ажиллагааг санхүүжүүлэх санхүүжилт байхгүй болох аж. Тус ТББ-ын зүгээс шаардлагатай төсвийн тооцооллыг хийж санхүүжилт байхгүй бол хэчнээн хүнд халдвар тархах талаар математик загварчлалыг гаргаад байгаа юм байна. 

Иймд ХӨСҮТ-ийн нийгмийн арга хэмжээний зардалд 300 сая төгрөг тусгаж өгөх саналыг тавив.