₮40 тэрбумын үнийн дүн бүхий Simple Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ)-ны урьдчилсан захиалга 2025 оны 7 сарын 31-нд эхлээд байсан билээ. Тэгвэл өнөөдөр уг ХБҮЦ-ыг гаргахад оролцсон хамтрагч талууд цан цохиж, анхдагч зах зээлийн арилжааг эхлүүллээ.
Тус ХБҮЦ нь Улаанбаатар үнэт цаасны бирж дээр олон нийтэд нээлттэй арилжаалагдах бөгөөд өндөр өгөөж, эрсдэл бага, хөрвөх чадвар сайн зэрэг давуу талуудтайгаараа онцлог аж.
Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн: “Манай СЗХ-оос хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хүрээнд сүүлийн жилүүдэд хэд хэдэн томоохон ажлуудыг идэвхтэй хийж хэрэгжүүллээ.
Эдгээр маань ч эхнээсээ үр дүнгээ өгч манай санхүүгийн салбарын компаниуд ар араасаа хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн гаргаж, иргэд ч эрсдэл багатай хөрөнгө оруулалтаас үр өгөөж хүртэх боломж бүрдсэнд таатай байна. Энэ удаагийн үнэт цаасыг гаргаж буй Ашид Капитал ББСБ салбартаа тэргүүлэгчдийн нэг. Тиймдээ ч үүнийгээ дагаад өндөр чанартай бүтээгдэхүүн гаргаж байгаа нь таатай байна” хэмээв.
Үнэт цаас гаргагч “Ашид Капитал ББСБ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Батжаргал хэлэхдээ “Бид харьцангуй залуу компаниудын нэг хэдий ч хэдийнээ улсдаа тэргүүлэх ББСБ-уудын нэг болоод байна. Үүнд сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж буй монголын хөрөнгийн зах зээл ихээхэн чухал үүрэг гүйцэтгэсэн.
Бид өнгөрсөн жилүүдэд ХБҮЦ, Монголдоо анхны хэмээх тодотголтой Simple рейтингтэй бонд зэрэг ₮200 гаруй тэрбумын дүн бүхий хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүдийг гаргаж, зорилтот эх үүсвэрүүдээ амжилттай татан төвлөрүүлж байсан туршлагатай. Хамгийн чухал нь бидэнд итгэсэн хөрөнгө оруулагчдадаа амласан өгөөжөө найдвартай өгсөөр ирснийг дуулгахад таатай байна.
Энэ удаагийн татан төвлөрүүлэх эх үүсвэрийг Simple-чүүдийнхээ цаг, мөнгө, энергийг чухал зүйлсдээ зарцуулахад нь туслах тэрхүү бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг илүү хүртээмжтэйгээр, үргэлжлүүлэн хүргэхэд чиглүүлнэ гэдгийг онцолмоор байна. Та бүхнийг манай ХБҮЦ-нд хөрөнгө оруулахыг урьж байна.”
Андеррайтераар ажилласан “Ти Ди Би Секьюритис” ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Батчимэг “Салбартаа нэр хүндтэй уг компанийн ХБҮЦ-ны арилжаа нээгдэж байгаад баяртай байна. Энэ жилийн хувьд ББСБ-ууд нээлттэй зах зээлд нийт ₮125 орчим тэрбумын үнийн дүн бүхий хөрөнгө оруулалтын зургаан бүтээгдэхүүн гаргаад байна.
Нээлттэй зах зээл дээр гаргах нь тухайн ХБҮЦ-ыг олон нийтэд илүү хүртээмжтэй буюу хүссэн хувь хүн, аж ахуй нэгжүүд тус арилжаанд оролцох боломжийг хангаж өгдгөөрөө онцлог. ХБҮЦ нь хуримтлалыг илүү өндөр өгөөжтэй өсгөх давуу талтайгаас гадна СЗХ болон бусад хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт дээр тулгуурлан гардаг тул маш найдвартай, эрсдэл багатайд тооцогддог” гэлээ.
Улаанбаатар үнэт цаасны биржийн Гүйцэтгэх захирал М.Даваажаргал: “Улаанбаатар үнэт цаасны бирж нь энэ салбартаа 10 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй улсдаа тэргүүлэх хувийн бирж. Бид салбартаа өрсөлдөөнийг бий болгох, хөгжлийг хурдасгах зэрэгт багагүй хувь нэмэр оруулсаар ирлээ. Он гарсаар бид өссөн дүнгээр ₮72 тэрбумын арилжааг зохион байгуулаад байна. Дараа дараагийн үнэт цааснууд ч мөн арилжаалагдахаар бэлтгэж ажлаа хангаж байна.”
Хөрөнгө итгэмжлэн удирдагч МИК ОССК ХХК-ийн Бизнес хөгжил хариуцсан Дэд захирал Ц.Батбаяр хэлэхдээ “Бид 2013 оноос хойш хөрөнгө итгэмжлэн удирдах ажлыг хэрэгжүүлж ирсэн туршлагатай байгууллага. Энэхүү хамтын ажиллагаагаа нь оролцогч талуудын хувьд бие биедээ өндөр ач холбогдолтой, Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжилд ч тодорхой хэмжээний хөгжил авчирсан үйл явдал боллоо.”
Simple ХБҮЦ-ны нөхцөлийг танилцуулбал:
Simple ХБҮЦ гаргахад оролцсон хамтрагч талууд:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!