Улсын Их Хурал (УИХ)-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Би 2008 оноос хойш Увс аймгаас УИХ-д таван удаа сонгогдсон хүн. Тиймээс аймгийнхаа 100 жилийн ойг зохион байгуулах ажилд гар бие оролцсон. Мөн 2009 оноос Увс аймгийн Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийн даргаар ажиллаж байна.
Увс аймгийн 100 жилийн ойг тэмдэглэхдээ хоёр зорилго тавьсан. Эхнийх нь тус тойргоос сонгогдсон гишүүний хувьд ард түмэндээ үйлчлэх ёстой. Хоёрдугаарт наадам бол хоёр, гурав хоног болоод өнгөрнө. Ойг тохиолдуулаад нутгийнхаа аялал жуулчлалын салбарыг өөд нь татах зорилготой байлаа.
Ойг тэмдэглэхэд Увс аймгаас гаралтай бизнес эрхлэгчид, энэ бүс нутагт хамааралтай бусад аймгийн иргэд гээд нийт иргэдийн хандив ₮11 тэрбум болсон. Ойролцоогоор 3,000 орчим иргэн их бага хандив өгсөн.
Энэ мөнгөөр ойг зохион байгуулахад шаардлагатай урсгал зардлыг санхүүжүүлсэн.
Түүнчлэн ойг тохиолдуулан ямар ч байгууллага бүтээн байгуулалтын ажил өрнүүлдэг. Энэ хүрээнд ₮22 орчим тэрбумын хөрөнгө оруулалтыг өнгөрсөн жилүүдэд хийж, гүйцэтгэсэн.
Би нэг зүйл дээр хүлцэл өчих ёстой. Аймгийн ойг зохион байгуулах гээд хэд хоног нойр муутай, бэлтгэл ажлыг нь хангаж яваад "миний төсөв" гээд хэлчихжээ. Энэ бол Эрчим хүчний сайдын багц төсөв. Тиймээс сайдын зүгээс энэ асуудалд тайлбар өгье.
Увс аймгийн төв Улаангом сумын II, IV, XI багийг дамнаад хэд хэдэн ажил гүйцэтгэсэн. Эхнийх нь 2 км урттай баруун тойргийн авто замыг 2024 оны төсөвт суулгаад ₮3.6 тэрбумаар шинэчилсэн. Уг ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй наадмын өмнө ашиглалтад оруулсан.
Хоёрдугаарт дээрх багуудын төсөв багатайгаас шалтгаалан цахилгаан хангамжийн асуудал олон жил яригдаж ирсэн. Үүнийг тус тойргоос сонгогдсон гишүүний хувьд улсын төсөвт суулгаж өгсөн. Би Эрчим хүчний сайдын хувьд манай салбартай холбоотой асуудал тул сайдын багцаас уг асуудлыг шийдсэн нь үнэн. Үүнийг ₮1.8 тэрбумаар гүйцэтгэсэн. Засгийн газрын нөөц сангаас санхүүжилтийг гаргаад Улаангом хотын төв талбай буюу Ю.Цэдэнбалын талбайн эрчим хүчний асуудлыг шийдвэрлэхээр ажил нь одоо ч явагдаж байна.
Наадмын үеэр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр миний өгсөн ярилцлагыг мушгиж, гуйвуулсан гүтгэлэг их явлаа. Энэ ажил ой биш байсан ч аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын хүрээнд цаашаа үргэлжлээд явах байсан. Түүнээс биш эрчим хүчний салбарын үнийг өсгөөд Увс аймгийнхаа ойд зарцуулчихлаа гэдэг гүтгэлэг, хардлага олон нийтийн сүлжээнд далайцтай явах шиг боллоо. Тийм зүйл огт байхгүй.
Иргэдээс босгосон хандивын мөнгийг юунд зарцуулсныг наадам зохион байгуулсан комисс удахгүй тайлангаа тавина. Бид бол анхнаасаа хандив цуглуулж эхлэх үедээ л ил тод байхыг анхааруулсан. Тиймээс дахин хэлье. Аймгийн ойг тэмдэглэхдээ төсвийн болон Эрчим хүчний салбарын төсвийг ашиглаагүй гэдгээ албан ёсоор мэдэгдье" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!