Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан уу?
УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өнгөрсөн долдугаар сарын 30-нд Увс аймгийн 100 жилийн ойн наадмын үеэр ТВ9 телевизийн шууд дамжуулалтын үеэр "Улаангомын цэнгэлдэх, төв замын гэрэлтүүлэг зэргийг шийдвэрлэхэд миний багцаас ₮2 тэрбумыг зарцуулсан" гэж ярьсан нь олны анхаарлыг татсан юм.
Сайдын ярилцлага бүтэн:
Тодруулбал энэ үеэр сайд "Ойн арга хэмжээг угтаж орон нутгийн болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн наадмын талбай, морь барианы газар тэргүүтэй нийт ₮22 орчим тэрбумын хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээ. Жишээлбэл цэнгэлдэх орчмын газрыг ₮4.5 тэрбумаар тохижуулж, дэд бүтцийг шийдвэрлэсэн. Энэ ажлыг шийдвэрлэхэд гол манлайлал үзүүлсэн хүн бол Барилга, хот байгуулалтын сайд асан Ж.Батсуурь. Мөн манай нутгаас сонгогдсон О.Цогтгэрэл гишүүн бид гурав нийлж ₮4.5 тэрбумыг улсын төсөвт тусгуулсан.
Мөн Улаангомын цэнгэлдэх орчмын цахилгаан хангамж, төв замын гэрэлтүүлэг зэргийг шийдвэрлэхэд миний багцаас хоёр тэрбум төгрөгийн ажил хийгдсэн" гэж онцолсон.
Тэгвэл сайдын "багц" гэж танилцуулсан нь улсын төсөвт тусгагдсан эсэх талаар "Оч хуулийн фирм"-ийн хуульчаас тодруулж дараах мэдээллийг авлаа.
Сайдын "багц" гэж юу вэ?
Б.Чойжилсүрэн сайдын онцолсон "багц" нь 2025 оны улсын төсөвт суулгасан Эрчим хүчний сайдын нийт төсөв нь ойролцоогоор ₮365 тэрбум. Үүний ₮136 орчим тэрбум нь урсгал зардалд үлдсэн нь тус яамнаас 2025 онд хийх ажлыг санхүүжүүлэх мөнгө гэсэн үг.
Тодруулбал
төсвийн тухай хуулийн 6.1-д зааснаар
Монгол Улсын төсвөөс 2025 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчийн зарцуулах зардал доор дурдсан хэмжээтэй байна:
Тодруулбал 2025 онд шинээр эрчим хүчний дулааны станц барихаар дээрх төсвөөс ₮74 орчим тэрбумыг зарцуулахаар төлөвлөсөн. Тухайлбал Завхан аймгийн Улиастай, Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Хэнтий аймгийн Хэрлэн, Төв аймгийн Сэргэлэн, Баянхонгор аймгийн Баянхонгор сум, Төв, Өвөрхангай, Говь-Алтай аймаг (хот болон сумын нэр дурдаагүй), Улаанбаатар хотын Налайх дүүрэгт эрчим хүчний дэд бүтцийн ажил хийхээр төлөвлөжээ. Дээрх хүснэгтийг төсвийн тухай хуулийн хавсралтаас харах боломжтой.
Сайд хууль зөрчсөн үү?
Төсөвт тусгагдаагүй хөрөнгийг аймагтаа зарцуулсан нь хуулиар нотлогдвол эрүүгийн хариуцлага хүлээх хууль манайд бий. Тухайлбал Эрүүгийн хуулийн 22.8 дугаар зүйлд Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулахад дурдсан байдаг.
1.төсөв захирагч төрийн өмч, төсвийн хөрөнгийг
- 1.1 зориулалтын бусаар зарцуулсан бол,
Мөн уг хуулийн 2-т зааснаар энэ гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол учирсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж, хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тодорхой заасан байдаг.
Өнгөрсөн сарын эхээр Үндэсний Аудитын Газар (ҮАГ)-аас санхүүгийн хяналт, шалгалтын дүнд илэрсэн зөрчлийн талаар мэдээлэхдээ "Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах асуудал байсаар байна" гэж байв.
Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэргийн онцлог нь төсвийг зарцуулах эрхтэй этгээд зориулалтаас өөрөөр зарцуулах үйлдлийг хэлдэг. Ингэхдээ журам зөрчиж ширээ авах байсан төсвөөр сандал авахыг хэлнэ. Тодруулбал төсөвт юуг тусгасан түүнээс өөрөөр зарцуулах эрхгүй. Харин энэ үйлдлийнхээ улмаас өөртөө болон бусдад ашиг олсон бол уг хуулийн 22.1 буюу Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах зүйчлүүлнэ. Өөрөөр хэлбэл 22.8-ийн онцлог нь хэн нэгэн төсвийг зориулалтын бусаар зарцуулснаар заавал ашиг олсон байх ёсгүй аж.
Ижил төстэй шийдэгдсэн хэргүүд
- Булган аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.М, Б.Э нарт холбогдох хэргийг 2020 оны зургаадугаар сард шийдсэн байдаг. Тодруулбал шүүгдэгч Б.М-ийг аймгийн ...-ээр ажиллаж байх хугацаандаа нэр бүхий иргэдийг ажилласанд тооцож, цалин болох ₮6.3 саяыг буюу төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэж шүүх үзсэн байна.
- Ингээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Б.М ийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 7,000 нэгж буюу 7.000.000 (долоон сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэх шийдвэр гаргаж байв.
- Давж заалдах шатны шүүхээс уг хэргийг цагаатгасан байдаг.
Уг хэргийн дэлгэрэнгүйг ЭНД-ээс үзэх боломжтой.
- Мөн нэр бүхий нэгэн аймгийн цагдаагийн байгууллагад удирдах албан тушаалд ажиллаж байсан Б.Г нь Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай хөдөлгөөнт 4 цэгүүдийн үйл ажиллагааны зардал 70,000,000 төгрөгийг ... аймгийн ... сумын Засаг даргын захирамжаар 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ... аймаг дахь Ц-гийн газрын төрийн сангийн ... тоот дансанд хүлээн авч, тус гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын төсвөөс 30,000,000 төгрөгийг 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг “...” ХХК-ийн Хаан банкны .... дугаартай данс руу шатахууны талон авахаар шилжүүлж, урамшуулалд нь 900,000 төгрөгийн шатахууны талоныг нэмж нийт 30,900,000 төгрөгийн шатахууны талон авсан, 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр шатахууны талоныг бэлэн мөнгө болгон, ... аймгийн ... суманд байрлах Ц-гийн газрын албаны байрны өрөө тасалгааны засварт 16,520,000 төгрөг, хурлын заалны сандалд 13,200,000 төгрөг, Ц-гийн газрын үүдний хүлээлгийн сандал, ширээ 1,180,000 төгрөгөөр тус тус худалдан авч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж төсөвт нийт 30,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
- Аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1-д заасан “Төсөв захирагч төрийн өмч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан” гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоожээ.
- Харин хяналтын шатны шүүхээс хэргийг цагаатгасан. Дээрх шийдвэр нь гэмт хэрэг хийгээгүй гэж үзээгүй, шүүх хүнлэг, энэрэнгүй ёсыг дагах үүднээс цагаатгаж шийдсэн байдаг.
Тус хэргийн дэлгэрэнгүйг ЭНД-ээс үзэх боломжтой.
Анхан болон давж заалдах шатны шүүхээр шийдэгдсэн энэ мэт хэрэг нэгээр тогтохгүй бийг "Оч хуулийн фирм"-ийн хуульч тайлбарласан юм. Төсөвт зааснаас өөр хэлбэрээр тухайлбал аймгийнхаа 100 жилд зориулан зарцуулах нь Эрүүгийн хууль зөрчсөн асуудал мөн. Харин сайдыг багш, эмч, цагдаагийн алба хаагч шиг шалгах, гэм буруутайг нь тогтоох эсэхийг харах л үлдлээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!