Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Наранчимэг: Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах асуудал байсаар байна

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Санхүүгийн хяналт шалгалтын дүнд илэрсэн зөрчлийн талаар Үндэсний аудитын газраас өнөөдөр мэдээлэл хүргэлээ. 

Энэ үеэр тус газрын Санхүүгийн аудитын газрын захирал бөгөөд тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг хэлэхдээ "6,832 байгууллагад санхүүгийн тайлангийн аудитыг хийж гүйцэтгэсэн. 

Төсвийн шууд захирагчаас эхлүүлээд төсвийн ерөнхийлөн захирагч хүртэлх бүх шатанд эдгээр байгууллага хамрагдаж байна.

Төрийн аудитын байгууллага нь санхүүгийн тайланг баталгаажуулах аудитыг хийж байгаа. Төсөв захирагч нар төсвийн хөрөнгийг захиран зарцуулах шийдвэр гаргахдаа холбогдох хуулиа мөрдөхгүй байгаагаас зөрчил илэрч байна.

Дараагийн зөрчил нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах асуудал төсөв захиран зарцуулагчдад байнга байсаар байна. Мөн тухайн байгууллага өглөг, авлагаа баталгаажуулахгүйгээр тайлагнаж байгаа гэх мэтчилэн олон асуудал бий. 

Санхүүгийн тайлангийн аудитыг бид давхар Шилэн дансны хууль, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилт буюу бусад хуулийн нийцэлтэй нь хослуулж үзэж байгаа учраас Шилэн дансны хуулийг мөрдөхгүй, мэдээллүүдээ хугацаанд нь тавихгүй зөрчлүүд давтагдан гарсаар байгаа" гэлээ. 

Үргэлжлүүлэн Үндэсний аудитын газрын Гүйцэтгэлийн аудитын газрын дарга Д.Энхболд "Бид улсын хэмжээнд дан ганц санхүүгийн тайлангийн аудит хийдэггүй.

Төрийн байгууллагууд болон бусад байгууллагын үйл ажиллагаа, тухайн салбарт мөрдөж буй хууль эрх зүйн орчин нөхцөл хэр оновчтой байна вэ гэдэгт гүйцэтгэл, нийцлийн аудитыг хийдэг.

Энэ хүрээнд бодлогын түвшинд асуудлуудыг авч, сэдэвчилсэн аудитуудыг хийж байгаа.

Тухайлбал өнгөрсөн жил

  • нийгмийн хамгааллын асуудал,
  • нийгмийн даатгал,
  • хүүхэд хамгаалал,
  • төрийн албаны хүний нөөцийн үр дүнтэй байдал, тогтолцоо
  • улсын төсвийн хөрөнгө оруулалт,
  • жилийн хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилт гэх мэтээр сэдэвчилсэн аудит оруулсан. 

Гүйцэтгэл, нийцлийн аудит талаас ТӨЛӨВЛӨЛТИЙН АЛДАА нь улсын төсвийн хөрөнгө оруулалт, жилийн хөгжлийн төлөвлөгөө болон бусад салбарын хувьд ч дутагдалтай тал хэвээр байна" гэв.