Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй ₮10.2 тэрбумын 26 зөрчлийг хуулийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн"

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Санхүүгийн хяналт шалгалтын дүнд илэрсэн зөрчлийн талаар Үндэсний аудитын газраас өнөөдөр мэдээлэл хүргэлээ. 

Тодруулбал 2024 онд Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, 2024 оны төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн гүйцэтгэлийн тайланг УИХ-аас өнгөрсөн долоо хоногийн сүүлээр хэлэлцэж баталсантай холбогдуулан Аудитын байгууллагаас ийнхүү мэдээлэв. 

Энэ талаар Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн дараах мэдээллийг танилцуулсан юм. 



Үндэсний аудитын байгууллага бол: 

  • Үндэсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн байгууллага. Тэр утгаараа төсөв санхүүгийн төрийн өмчийн үр ашигтай зарцуулалтад нүд, чих болж хянан шалгаж
  • УИХ, холбогдох байгууллагуудад мэдээллээ хүргэж, шаардлагатай бол арга хэмжээ авч ажилладаг. 

Манай байгууллагаас нийтдээ 61 төсвийн ерөнхийлөн захирагчийн хүрээнд 6,832 төсвийн захирагч нарын санхүүгийн тайланд аудит хийсэн.

Энэ аудитаар нийт 9.2 их наяд төгрөгийн санхүүгийн зөрчлийг илрүүлсэн.

Дээрх тоон мэдээг задалж үзвэл: 

  • 27 тэрбум төгрөгийн 2,364 зөрчилд төлбөрийн актыг манайх тогтоосон.
  • 7.5 их наяд төгрөгийн 4,685 зөрчилд албан шаардлага хүргүүлсэн.

Яагаад ийм өндөр дүнтэй зөрчил гарсныг тодруулбал Монгол Улсын төрийн сан дээр таван их наяд төгрөгийн нягтлан бодох бүртгэлийн зөрчил буюу алдаа байсан учраас үүнийг залруулсан.

Энэ залруулгын дүн буюу таван их наяд төгрөг орж байгаа учраас нийт 7.5 их наяд болсноор бусад зөрчилтэй нийлээд 9.2 тэрбум төгрөгийн зөрчил гэж өндөр дүн гарч ирж байна.

Өнгөрсөн жилүүдийн зөрчлийн өсөлт, бууралтын динамикийг ажиглавал зарим төрлийн зөрчил өсжээ. Харин эсрэгээрээ зарим төрлийн зөрчил буурсан дүн мэдээтэй.

Бүх зөрчилд дүн шинжилгээ хийгээд үүнийг хэрхэн бууруулах, төсвийн захирагч нартай энэ чиглэлд яаж хамтарч ажиллах бодлогоо гаргадаг. Ийм учраас зөрчлийн динамик дүнг анхаардаг.

  • 60 тэрбум төгрөгийн зөрчил - Зөрчил гаргасан 165 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар 151 шаардлагыг хүргүүлсэн байна.
  • 1.6 их наяд төгрөгийн зөрчил - 6,009 зөвлөмж өгсөн.
  • Хамгийн хүнд буюу гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй 10.2 тэрбум төгрөгийн 26 зөрчлийг хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар шилжүүлсэн. 

Эцсийн үр дүндээ бид зөрчил гаргасан этгээдүүдэд хариуцлага тооцуулах ёстой. Хоёрдугаарт зөрчлийг давтан гаргуулахгүй байх хэрэгтэй. 

"Зөвхөн амаар зөвлөдөг учраас завсрын аудит дээр төсвийн захирагч нар ач холбогдол өгөхгүй байх талтай" 

Энэ жилийн аудитын дүнг үндэслээд ирэх жилийн аудитын дүгнэлт, үр дүнд зөрчлүүд эрс багассан байх ёстой. Тиймээс наймдугаар сараас эхлэх

  • Завсрын аудитаараа зөрчлийг бууруулах
  • Зөрчилд тавигдсан албан шаардлага, акт, зөвлөмжийнхөө хэрэгжилтийг хангахтай холбогдолтой зөвлөмжүүдийг өгөх
  • Энэ чиглэлд төсвийн ерөнхийлөн захирагч нартай хамтарч ажиллана.

Завсрын аудит дээр онцгойлон анхаарч, хэрэгжилтийг хангасан тохиолдолд дараагийн шатны буюу 2025 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайлан дээр аудит хийхэд зөрчил эрс багасах бололцоотой.

Аудитын байгууллагаас хийж байгаа завсрын аудит дээр төсвийн ерөнхийлөн болон шууд захирагч нар онцгойлон ач холбогдол өгч, хамтарч ажиллах шаардлагатай байгаа.

Завсрын аудит дээр төлбөрийн акц албан шаардлага, зөвлөмжийг албан ёсоор тавьдаггүй. Өөрөөр хэлбэл зөвхөн амаар зөвлөөд явдаг учраас завсрын аудит дээр төсвийн захирагч нар ач холбогдол өгөхгүй байх тал байдаг. Иймд ач холбогдол өгүүлэх чиглэлд анхаарч ажиллах нь энэ жилийн бидний зорилго.

Ирэх жилүүдэд зөрчил эрс багассан байх ёстой гэх шаардлагыг тавьж, хамтарч ажиллана.

"Хуулийн этгээд, иргэдийн татварын ээлжит шалгалтын дүнгээр ₮7.3 их наядын зөрчил илэрсэн"

Зарим хэвлэлээр гарч байгаа мэдээллийг харсан бол “7.3 их наяд төгрөгийн татварын асуудал байна”, “Мөнгө угаасан байж болзошгүй байна” гэсэн мэдээ их гарсан.

Татварын Ерөнхий Газар, татварын улсын байцаагчдаас татварын орлого бүрдүүлэлттэй холбоотой горим, сорил гүйцэтгэх явцад гэмт хэргийн шинж чанартай байж магадгүй 7.3 их наяд төгрөгийн зөрчлийг илрүүлж, хууль хяналтын байгууллагад өөрсдөө шилжүүлсэн байгаа юм.

Тэгэхээр дээрх зөрчлийг аваад үзвэл:

  • Борлуулалтын орлогоо бууруулсан, нуусан, зардлаа нэмэгдүүлж тайлагнасан, гэрээ болон үйл ажиллагаатай холбоотой 94 иргэний 3.9 их наяд төгрөг, 56 ААН-ийн хоёр их наяд төгрөг нийт зургаан их наяд төгрөгийн зөрчлийг татварын байгууллага илрүүлж, хууль хяналтын байгууллагад шилжүүлжээ.
  • Худалдан авсан бараа, ажил үйлчилгээ нь нотлогдоогүй, цахим төлбөрийн баримт шивүүлж НӨАТ-ыг бууруулсан 17 ААН-ийн 950 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн байна.
  • Үйл ажиллагаа явуулаагүй, борлуулалтын орлого нь нотлогдоогүй их хэмжээний цахим төлбөрийн баримт шивж, бусдыг татвар төлөхөөс зайлсхийх боломжийг олгосон 66 ААН-ийн 855.2 тэрбум төгрөгийн зөрчил гарсан. 
  • Мөнгө угаасан байж болзошгүй, цахим мөрийтэй тоглоомтой холбоотой 43 ААН-ийн 337.8 тэрбум төгрөг, нэг иргэний 600 сая төгрөг нийтдээ 338.4 тэрбум төгрөгийн зөрчил байна.

Дээрх дөрвөн төрлийн зөрчлийн дүн нь нэмэгдээд 7.3 их наяд төгрөг болж байна.

7.3 их наяд төгрөг гэдэг бол төрийн байгууллага, тэр дундаа Засгийн газар, яамд, төсөвт байгууллагууд, төрийн болон орон нутгийн өмчит компанитай ямар ч хамааралгүй.

Энэ бол хувиараа бизнес үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд, иргэдийн татварын ээлжит шалгалтын дүнгээр шалгаад илрүүлээд хууль хяналтын байгууллагад тавьсан ийм зөрчил.

7.3 их наяд төгрөгийн зөрчлийг Засгийн газар, яамд, агентлаг эсвэл төрийн болон орон нутгийн өмчит компаниуд хийгээд мөнгө угаачихсан юм шиг ойлголт нийгэмд түгээмэл явж байгаа мэдээллийг залруулъя. 

Татварын алба, байцаагч нар ажлаа хийх явцдаа ийм асуудал байж болзошгүй гэж үзээд хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн тодорхой асуудал. Засгийн газар, төрийн байгууллагууд мөнгө угаачихсан юм шиг ийм ойлголт нийгэмд түгээмэл яваад байгаа учраас залруулж байна.

"Татварын байцаагч нар татварын хэрэг маргаантай холбоотой асуудалд шинжээчээр оролцох боломжгүй болсон"

Энэ асуудалтай холбогдуулан аудитын байгууллагын дүгнэлтэд:

Татварын хэрэг маргаантай холбоотой асуудлыг шалгаж шийдвэрлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаарх зөвлөмжийг Хууль зүйн сайдад өгсөн.

Өөрөөр хэлбэл өмнө нь татварын байцаагч нар өөрсдөө асуудлаа тавиад эрүүгийн болон бусад процессоор богино хугацаанд шийдвэрлээд явдаг байсан бол 2019 онд хуульд өөрчлөлт орсноос хойш татварын байцаагч нар татварын хэрэг маргаантай холбоотой асуудалд шинжээчээр оролцох боломжгүй болсон.

Үүнээс үүдэн их хэмжээний дүнтэй ийм хэрэг маргаанууд хууль хяналтын байгууллагуудаар нэлээд овоорох маягтай болсон учраас хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгооч гэдэг ийм дүгнэлтийг өгсөн.

Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд УИХ-аас онцгойлон ач холбогдол өгч, хэлэлцэж байна.

Иргэд ч энэ тал дээр мэдээлэл авах бололцоо бүрдсэн учраас бүх талын хараа хяналт дор тайланг хэлэлцэж дүгнэж байгаа юм.

Цаашид тайланд онцгой ач холбогдол өгч, зөрчлийн дүнг багасгах, төсвийн хөрөнгө, төрийн өмчийг үр ашигтай зарцуулах чиглэлд нийтээрээ нэг зүгт харж ажиллах алхах боломж байгааг Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн хэллээ.