• 7 сарын 19, Бямба
Уншиж байна ...

Хамтарсан Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитаар ₮9.2 их наядын зөрчил илэрчээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын чуулганы хуралдаанаар Аудитын байгууллагаас гаргасан "Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцэж эхэлсэн билээ.

Энэ үеэр Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын шалгалтын талаар Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцуулсныг хүргэж байна.


Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сан, улсын болон орон нутгийн 61 Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайлан, тэдгээрийн харьяа байгууллагуудын нийт 6,832 санхүүгийн тайланг аудитад хамруулсан. Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайлангийн аудитаар “Өөрчлөлтгүй” 33, “Хязгаарлалттай” 29, “Сөрөг” 1 дүгнэлт өгчээ.

Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн үр дүнгийн тайлангаар үйл ажиллагааны нийт үр дүн 17,336.7 тэрбум төгрөгийн эерэг үзүүлэлттэй гарсан байна. Үүнд:

  • Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой хуулийн этгээд нийт 8,465.9 тэрбум төгрөгийн ашигтай, төсөл, сангууд 3,228.9 тэрбум төгрөг, төрийн сан 22,504.5 тэрбум төгрөгийн эерэг /орлого нь зардлаасаа их/ үр дүнтэй;
  • Төсөвт байгууллагууд нийт 16,862.6 тэрбум төгрөгийн сөрөг /орлого нь зардлаасаа бага/ үр дүнтэй гарсан байна.

Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитаар илэрсэн 9 их наяд 292.1 тэрбум төгрөгийн зөрчил нь санхүүгийн тайланд материаллаг нөлөөтэй боловч өргөн тархаагүй, бидний тогтоосон материаллаг байдлын түвшнээс давсан тул “Хязгаарлалттай”  дүгнэлт өгсөн аж.

Аудитаар Улсын Их Хуралд 1 асуудлыг толилуулж, Монгол Улсын Ерөнхий сайдад 6, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдад 3, Сангийн сайдад 3 зөвлөмжийг тус тус хүргүүлсэн гэв.

ЗАСГИЙН ГАЗРЫН БОЛОН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧДЫН САНХҮҮГИЙН НЭГТГЭСЭН ТАЙЛАНД ХИЙСЭН АУДИТЫН ИЛРҮҮЛЭЛТ:

Аудитад Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, Төв төрийн сан, НДС, ЭМДС-ийн сангийн санхүүгийн тайлан, улсын болон орон нутгийн 61 Төсвийн Ерөнхийлөн Захирагч (ТЕЗ)-ийн эрхлэх асуудлын хүрээний 6,832 төсвийн захирагч, төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой хуулийн этгээд, төсөл, хөтөлбөрийн нэгж санхүүгийн тайлангийн аудитад хамрагдахаас 3,486 санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж /өөрчлөлтгүй 2,783, хязгаарлалттай 659, сөрөг 25, дүгнэлт гаргахаас татгалзсан 19/, 3,332 санхүүгийн тайланд аудитын үе шатны ажлыг хэсэгчлэн гүйцэтгэж, 14 байгууллага аудитад хамрагдаагүй байна.

Аудитаар нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлагналтай холбоотой нийт 5,832.1 тэрбум төгрөгийн алдаа илэрснээс 5,820.9 тэрбум төгрөгийн 6,501 алдааг залруулж, 11.2 тэрбум төгрөгийн 212 алдааг залруулах зөвлөмж өглөө.

Санхүүгийн тайлангийн аудитаар нийт 3,253.9 тэрбум төгрөгийн 13,220 зөрчил илэрснээс 13.9 тэрбум төгрөгийн зөрчилд 2,362 төлбөрийн акт, 2,170.2 тэрбум төгрөгийн зөрчилд 4,681 албан шаардлага, 999.3 тэрбум төгрөгийн зөрчилд 6,001 зөвлөмж, 60 тэрбум төгрөгийн зөрчил гаргасан 164 албан тушаалтанд хариуцлага тооцуулах 150 албан шаардлага хүргүүлж, 10.2 тэрбум төгрөгийн 26 асуудлыг хууль, хяналтын байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэсэн.

Санхүүгийн тайлангийн аудитаар шалгасан нийцлийн асуудлаар нийт 6,634.3 тэрбум төгрөгийн 4,201 зөрчил илэрснээс 0.6 тэрбум төгрөгийн зөрчилд 127 төлбөрийн акт, 3,936.1 тэрбум төгрөгийн зөрчилд 1,198 албан шаардлага, 2,310.0 тэрбум төгрөгийн зөрчилд 2,791 зөвлөмж өгч, 386.7 тэрбум төгрөгийн зөрчил гаргасан 87 албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах 75 албан шаардлага хүргүүлж, хууль хяналтын байгууллагад 0.9 тэрбум төгрөгийн 10 асуудлыг шилжүүлэхээр шийдвэрлэсэн.

Улсын болон орон нутгийн ТЕЗ-ын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын аудитаар нийт 15,719.9 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил илэрсэн нь өмнөх оноос 7,582.5 тэрбум төгрөгөөр буюу 93.2 хувиар өссөн байна. Үүнээс, санхүүгийн тайлангийн аудитаар илэрсэн алдаа, зөрчил 2,941.9 тэрбум төгрөгөөр буюу 48 хувиар, нийцлийн аудитаар илэрсэн зөрчил 4,623.0 тэрбум төгрөгөөр буюу 229.9 хувиар тус тус өссөн байна.

Улсын төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн аудит:

Улсын төсвийн 39 ерөнхийлөн захирагч, НДС, ЭМДС-ийн санхүүгийн нэгтгэсэн тайланд аудит хийснээс өөрчлөлтгүй 22, хязгаарлалттай 19 /ХХХҮС, БОУАӨС, ЗТС, НДСҮЗД, ЭХС, МУШС, ГХС, ЭМС, ХББОСС, СЕХД, ГБХНХС, ССАЖЗС, БС, ЭЗХС, ЦХИХХС, ХЭҮКД, ЦАУЗБУКД, АҮЭБС, МУСХҮҮХД / дүгнэлт өгсөн байна.

Аудитад улсын ТЕЗ-дын эрхлэх асуудлын хүрээний 4,212 төсвийн захирагч, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төсөл, хөтөлбөрийн нэгж санхүүгийн тайланд хамрагдахаас 2,322 санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж /Өөрчлөлтгүй 1,987, Хязгаарлалттай 313, Сөрөг 14, Санал дүгнэлт гаргахаас татгалзсан 7/, 1,885 санхүүгийн тайланд аудитын үе шатны ажлыг хэсэгчлэн гүйцэтгэж, 5 байгууллагыг тайлант онд үйл ажиллагаа явуулаагүй, татан буугдсан зэрэг шалтгаанаар аудитад хамруулаагүй.

Аудитаар нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлагналтай холбоотой нийт 4,595.8 тэрбум төгрөгийн 4,319 алдаа илэрснээс 4,588.3 тэрбум төгрөгийн 4,157 алдааг залруулж, 7.5 тэрбум төгрөгийн 162 алдааг залруулах, давтан гаргахгүй байх зөвлөмж өглөө.

Санхүүгийн тайлангийн аудитаар нийт 2,875.0 тэрбум төгрөгийн 8,623 зөрчил илэрснээс 10.3 тэрбум төгрөгийн зөрчилд 1,536 төлбөрийн акт тогтоож, 1,963.0 тэрбум төгрөгийн 2,848 зөрчилд албан шаардлага, 57.6 тэрбум төгрөгийн зөрчил гаргасан 84 албан тушаалтанд хариуцлага тооцуулах 81 албан шаардлага хүргүүлж, 837.4 тэрбум төгрөгийн зөрчилд 4,146 зөрчилд зөвлөмж өгч, 6.7 тэрбум төгрөгийн 12 асуудлыг хууль, хяналтын байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэсэн.

Санхүүгийн тайлангийн аудитаар шалгасан нийцлийн асуудлаар нийт 5,434.1 тэрбум төгрөгийн 2,883 зөрчил илэрснээс 0.1 тэрбум төгрөгийн зөрчилд 42 төлбөрийн акт тогтоож, 3,739.7 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах, таслан зогсоох 736 албан шаардлага, 39.3 тэрбум төгрөгийн зөрчил гаргасан 48 албан тушаалтанд хариуцлага тооцуулах 46 албан шаардлага хүргүүлж, 1,655.0 тэрбум төгрөгийн зөрчилд 2,059 зөрчилд зөвлөмж өгсөн.