Есдүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн 2026 оны зургаадугаар сарыг хүртэл Хятадын бүлэг жуулчдыг визгүй нэвтрүүлэхээр болсноо Өмнөд Солонгосын засгийн газар өчигдөр зарлажээ.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Хятадын засгийн газар дэлхийн хэд хэдэн орны жуулчдыг визээс чөлөөлөх шийдвэр зарлахад Өмнөд Солонгос багтсан юм.
Хариуд нь Хятадын жуулчдыг мөн визээс хөнгөлөх төлөвлөгөөтэй байгаагаа Сөүлийн эрх баригчид энэ оны гуравдугаар сард анх мэдэгдэж байв.
Либерал ерөнхийлөгч И Жэ Мюний засаг захиргааны үед Өмнөд Солонгосын Хятадтай харилцах харилцаа сайжрах хүлээлт үүсээд байгаа үед ийм шийдвэр гарч байна.
Жил бүрийн аравдугаар сарын эхээр тохиодог Хятадын үндэсний баярыг угтуулан визийн хөнгөлөлтийг зарласан нь аялал жуулчлалын салбараас олох орлогоо өсгөх гэсэн зорилготой холбоотой.
Бас аравдугаар сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд Өмнөд Солонгос улс Ази, Номхон Далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны чуулган APEC-ийг Гёнжү хотод зохион байгуулахаар бэлдэж байгаатай энэ алхам холбогдож байна.
Бүс нутгийн 21 улсын удирдагчид оролцох энэ чуулганы үеэр Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нар уулзах төлөвтэй байгаа.
Хятадын жуулчдын тоо нэмэгдэх сургаар Өмнөд Солонгосын их дэлгүүрүүд, казино, зочид буудал, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн хувьцааны ханш өссөн байна.
Тухайлбал Лхагва гарагийн арилжааны үеэр Hyundai Department Store компанийн хувьцааны үнэ 7.1 хувиар, Hotel Shilla компанийн хувьцааны үнэ 4.8 хувиар, Paradise казино операторын хувьцааны ханш 2.9 хувиар, Hankook Cosmetics компанийн хувьцааны ханш 9.9 хувиар өсжээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!