Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

"The MongolZ" багийн BLAST Bounty Fall 2025 тэмцээний урьдчилсан шатны тоглолт маргааш эхэлнэ

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн BLAST Bounty Fall 2025 тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна. 

Нийт 500 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд 32 баг тоглож байгаа бөгөөд манай улсаас "The MongolZ" баг дэлхийн чансааны оноогоор уригдан оролцож байгаа юм. 

32 багийн урьдчилсан шатны бүх тоглолт нугалааны зарчмаар явагдах бөгөөд хожигдсон баг тэмцээнээ шууд өндөрлүүлнэ. Урьдчилсан шатнаас шалгарсан найман баг аваргын төлөө энэ сарын 14-17-нд Бүгд Найрамдах Мальта Улсад очиж тоглоно.

"The MongolZ" багийн урьдчилсан шатны эхний тоглолт Финландын "ENCE" багийн эсрэг наймдугаар сарын 8-ны Баасан гарагийн 17:00 цагт "Во3" (гурван "map"-аар ялагчийг тодруулах) журмаар явагдах хуваарьтай байна. Манай улсын тамирчид өмнө нь Финландын ENCE багтай "Elisa Masters Espoo 2024" тэмцээний шөвгийн дөрөвт оноолт таарч, 1:2 онооны харьцаатай хожигдож байв.

Тодруулахад есдүгээр сарын эхэнд Английн Лондон хотод зохиогдох BLAST Open Fall 2025 тэмцээнд "The MongolZ" баг тэмцээнүүдийн шахуу хуваарьтай холбоотойгоор виз мэдүүлэх боломжгүй нөхцөл байдал үүдэж, оролцохгүй болсныг багийн удирдлагууд мэдэгдээд байгаа юм.

Мөн BLAST Bounty Fall 2025 тэмцээнд erkaSt буюу Г.Эрдэнэцогтын дасгалжуулж буй Австрали улсын "FlyQuest" баг оролцож байгаа бөгөөд Туркийн "Aurora Gaming" багийн эсрэг тухайн өдрийн 19:30 цагт тоглоно. Хэрэв хожвол шөвгийн 16 буюу хоёрдугаар шатанд шалгарна. 

BLAST Bounty Fall 2025 тэмцээнд Францын "Team Vitality", Украины "Natus Vincere", Европын "FaZe Clan", Германы "MOUZ", Оросын "Team Spirit" зэрэг дэлхийн томоохон багууд оролцож байгаа юм.