Мягмар гарагт АНУ-д төлөх ёстой $1.14 тэрбумын өрөө тэглүүлснийг Сомали улсын засгийн газар зарлажээ.
Тохиролцоонд тус улс дахь АНУ-ын элчин сайд Райчард Райли, Сомали улсын сангийн сайд Бихи Эге нар Могадишу хотод гарын үсэг зурсан байна.
Өмнөх өдөр нь Сомали улсын парламент 2025 оны улсын төсвөө $1.36 тэрбумаар баталсан юм.
Олон арван жил үргэлжилсэн иргэний дайн, Аль-Кайдагийн холбоотон Аль-Шабаб жихадистуудын цуст аллага хядлага, байгалийн дараалсан гамшиг зэргийн улмаас дорнод Африкийн “эвэр” дээр оршдог Сомали нь манай гарагийн хамгийн ядуу улсуудын нэгд тооцогддог.
Сомали улс нь Олон Улсын Валютын Сан, Дэлхийн Банкны дэмжлэгтэйгээр улс орнуудаас авсан нийт $4.5 тэрбумын гадаад өрөө тэглүүлэхээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тохиролцож байв. Үүний хамгийн том хэсгийг АНУ тэглэж байгаа юм байна.
“Сомали бол АНУ болон манай түншүүдийн тусламжтайгаар олон тооны шинэчлэл нэвтрүүлж, шинэ хууль баталж, үйл ажиллагааны арга барилаа өөрчилж, санхүүгийн хариуцлагаа сайжруулж, тогтвортой үйл ажиллагаанд шилжих арга хэмжээг авч байгаа” гэж элчин сайд Райли тус улсын эрх баригчдын хичээл зүтгэлийг сайшаажээ.
Хариуд нь Сомалийн сангийн сайд АНУ “манай улсын эдийн засгийн шинэчлэл, өсөлтийг туйлбартай дэмжиж ирсэн” хэмээн талархсан байна.
Өр хөнгөлснөөс гадна энэ онд Вашингтоны засаг захиргаа Сомали улсад нийт $1.2 тэрбумын хөгжлийн, эдийн засгийн, аюулгүй байдал, хүмүүнлэгийн тусламж үзүүлжээ.
Дэлхийн Банкны тоо баримтаас харвал Сомали улсын хүн амын 70 хувь нь өдрийн $1.9 хүрэхгүй орлогоор амь зуудаг.
Даваа гарагт батлагдсан Сомалийн 2025 оны төсөв нь 2024 оны хэмжээнээс 25 хувиар өссөн төсөв юм.
Тус улсын сангийн яам өнгөрсөн онд 2.8 хувиар өссөн эдийн засгаа энэ онд 3.7, ирэх онд 3.9 хувиар өсгөхөөр тооцжээ.
Гэхдээ үүнд Украины дайнаас үүдэлтэй үр тарианы тасалдал нөлөөлж магадгүйг анхааруулсан байна.
Сомали улсын нийт үр тарианы импортын 90 хувь Орос, Украинаас нийлүүлэгддэг.
Үүнээс гадна Ойрх Дорнодын мөргөлдөөнтэй холбоотой нийлүүлэлтийн хомсдол, ган гачиг эдийн засагт нь сөргөөр нөлөөлж болзошгүйг анхааруулжээ.
Олон улсын байгууллагууд арга хэмжээ авсны үр дүнд 2018 онд дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь 64 хувьд хүрээд байсан Сомалийн гадаад өр 2023 оны сүүлээр зургаан хувь болж буурсан юм.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!