УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд өчигдөр Мал эмнэлгийн ерөнхий газар, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид ажилласан байна.
Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга, Ерөнхий малын эмч, доктор А.Нарантуяа Мал эмнэлгийн салбарын өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлын талаар танилцуулж, санал солилцжээ.
Тэрбээр "Мал эмнэлгийн ерөнхий газар нь Монгол Улс Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын өмнө хүлээсэн үүргийн хүрээнд мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангах, худалдааны чөлөөт байдлыг дэмжих, мал, амьтны тавлаг байдлыг хангах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн.
Мал эмнэлгийн ерөнхий газар 43 ажилтантай, нийслэл, орон нутгийн 22 нэгжид үйл ажиллагаа явуулж байгаа ч хүний нөөцийн дутагдлыг хангах нь тулгамдсан асуудал болсон. Тухайлбал 330 суманд 660 хүн ажиллах ёстой ч өнөөдөр 213 хүний сул орон тоо байгаа нь ажлын нөхцөл байдал хүнд, цалин бага байгаатай холбоотой.
Олон улсын жишгээр нэг малын эмчид 10 мянган толгой мал ногдох бол, монголд нэг малын эмчид 50 мянган толгой мал ногдож байгаа" хэмээн танилцуулжээ.
Монгол Улсын Их Хурлын 36 дугаар тогтоол батлагдсанаар мал эмнэлгийн салбарт эрс шинэчлэлийг хийж, үүний үр дүнд гоц халдварт өвчинтэй тэмцэх бодлого, вакцины худалдан авалтад томоохон дэмжлэг болж, гоц халдварт өвчнийг 70 хувиар бууруулсан гэдгийг Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга танилцуулгадаа онцлон тэмдэглэсэн.
Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн жил бүрийн төсвийн төслөөс хөдөө аж ахуйн салбарын төсөв, хөрөнгө оруулалтаас малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх урсгал зардлыг хассан байдаг тул цаашид эл салбарын лабораториудын оношлуур, техник хэрэгслийг шинэчлэх, боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулах боломжийг хууль тогтоомжид тусгах талаар онцгой анхаарч өгөхийг Байнгын хорооны гишүүдээс хүсжээ.
Дараа нь Байнгын хорооны дарга болон гишүүд Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа. Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторийн захирал Г.Гэрэлмаа улсын төсөвт үйлдвэрийн байгууллагын талаар товч танилцуулсан.
Тэрбээр "Тус лаборатори нь Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын гишүүн орны хувьд дэлхийн болон бүсийн лавлагаа лабораториудтай сүлжээ байдлаар ажилладаг гээд 21 аймгийн лабораториудад илрүүлэх түвшний шинжилгээ, төв лабораторид сорьц, дээжийг баталгаажуулах шинжилгээг хийдэг.
Тус лаборатори нь Ази, Номхон далайн бүс нутгуудад гарч буй Монгол Улсад аюул учруулах, хил дамжин орж ирэх эрсдэлтэй гоц халдварт өвчин 15, ямааны годрон мэт шинэ болон сэргэж буй өвчин гээд нийтдээ 30 орчим өвчнийг шинжлэхэд бэлэн байгаа.
Харин тус лаборатори нь 1972 онд баригдаж, томоохон их засвар хийгдээгүй, ашиглалтын хугацаа дууссан тул өвлийн цагт хүйтэн, мөөгөнцөртдөг. Иймд шинжилгээний өрөөнүүдэд нэмэлтээр халаагуурууд тавьж үйл ажиллагаагаа явуулдгаас цахилгааны хүчдэл хүрэхгүй хүндрэлтэй нөхцөл байдал үүсдэг" гэх мэтээр яаралтай шийдвэрлэх тулгамдсан асуудлынхаа талаар Байнгын хорооны гишүүдэд танилцуулсан.
Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!