Уншиж байна ...
Зураг
Зураг

Д.Оюунгэрэл: Уушгины хатгаа авч эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүсийн 90% орчим нь 15 хүртэлх насныхан байна

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-өөс мэдээлэл хийлээ. 

Тус төвийн халдвар судлагч их эмч Д.Оюунгэрэл хэлэхдээ "Дэлхий дахинд улирлын томуугийн H1N1, H3N2, томуугийн B вирус орчилд байна.

Монгол Улсад аравдугаар сарын сүүлээс эхлэн өвчлөлийн түвшин аажмаар нэмэгдэж, арваннэгдүгээр сарын 5-н буюу 44 дүгээр долоо хоногийн байдлаар улсын хэмжээнд өвчлөл идэвхжлийн түвшинд шилжжээ. 

21 аймгийн 80 орчим хувь нь идэвхжлийн түвшин рүү шилжсэн байна. Тодруулбал Дорноговь, Дорнод аймаг алаг цоог дэгдэлтийн түвшинд явна. 

44 дүгээр долоо хоногийн байдлаар амбулаториор 300,000 гаруй хүн үйлчлүүлж, эмнэлэгт хандсан. Үүнээс 5.2 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна. Энэ нь өмнөх долоо хоног болон өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бага зэрэг нэмэгдсэн үзүүлэлт. 

Тус долоо хоногт 9,000 гаруй хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 21 орчим хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвар буюу уушгины хатгааны шалтгаантай байна. Үүнийг өмнөх долоо хоног болон өмнөх жилийн мөн үетэй харьцуулж үзвэл 1-6 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа. 

Өвчлөлийн түвшнийг насны ангиллаар авч үзвэл томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 80 орчим хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд байна. Тэр дундаа 50-60 орчим хувь нь дөрөв хүртэлх насны хүүхдүүд байна" гэлээ. 

Үргэлжлүүлэн "Уушгины хатгаа авч эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүсийн 90 орчим хувь нь 15 хүртэлх насныхан байна. Энэ дотроо 60-70 хувь нь дөрөв хүртэлх насны хүүхдүүд байгаа юм.

Дөрөв хүртэлх насны хүүхдүүдийн дунд дэгдэж буй өвчлөлийг задалбал 40-50 хувь нь хоёр хүртэлх насны хүүхдүүд байна. Мөн хоёр хүртэлх насны хүүхдүүдийн дундах өвчлөл илүү "хүнд" тохиолдох боллоо. 

Дархлаажуулалтын тухайд: 

Энэ жил 300,000 гаруй хүн тун улирлын томуугийн вакцинаар бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, архаг хууч өвчтэй 65-аас дээш насны эрсдэлт бүлгийн хүн амыг хамруулах ажлыг зохион байгуулж байна. 

Улсын хэмжээнд дархлаажуулалт 80 орчим хувьтай явагдаж байгаа. 300,000 гаруй хүн тун вакцинаас 176,000 орчмоор тав хүртэлх настай хүүхдүүдийг вакцинжуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Одоогоор вакцинжуулалтын хамрагдалт 70 гаруй хувьтай үргэлжилж байгаа юм" гэв. 

Бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд дараах зөвлөгөөг хүргэж байна. Үүнд:

Хүүхдэд эмнэл зүйн шинж тэмдэг буюу

  • Халуурах
  • Хоолой өвдөх
  • Толгой өвдөх
  • Бөөлжих
  • Суулгах зэрэг шинж тэмдэг илэрвэл хамгийн түрүүнд харьяа Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандаж, мэргэжлийн эмчийн заавар, зөвлөгөөгөөр эмчилгээ хийлгэх шаардлагатай. 

Үүнээс гадна энгийн урьдчилан сэргийлэх аргуудыг эцэг эх, ААН, сургууль, боловсролын байгууллагууд өдөр тутамдаа хэрэгжүүлэх нь зүйтэй. 

Тодруулбал

  • Агаар сэлгэлтийг өдөрт 2-3 удаа хийх
  • Чийгтэй цэвэрлэгээг долоо хоногт 2-3 удаа хийх
  • Шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар бага насны хүүхдээ авч явахгүй байхыг зөвлөе.

Хэрэв танд эмнэл зүйн шинж тэмдэг илэрвэл амны хаалт зүүх, зөв зохистой ханиалгаж найтаах энгийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг Д.Оюунгэрэл эмч нэмж зөвлөлөө.