Уншиж байна ...

Богино хугацааны дасгал хөдөлгөөн ч цусны даралт бууруулдгийг судалгаа харуулжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 цаг 52 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Богино хугацааны дасгал хөдөлгөөн цусны даралт бууруулдгийг шинэ судалгааны үр дүн харуулжээ.

Цусны өндөр даралт дэлхийн 1.28 тэрбум хүний эрүүл мэндэд нөлөөлж, эрт нас барах нэг том шалтгаан болдог гэдэг.

Шинж тэмдэг ил харагддаггүй тул “чимээгүй алуурчин” гэж нэрлэх явдал бий.

Цусны даралтыг бууруулахад дасгал хөдөлгөөн чухал гэдгийг судлаачид эртнээс мэдэж байсан.

Харин хамгийн багадаа яг ямар хэмжээний хөдөлгөөн цусны даралт буурахад нөлөөлдгийг Лондон Коллеж Их сургууль, Сиднейн Их сургуулийн эрдэмтэд анх удаа тогтоожээ.

Тэд 15,000 орчим хүнд 24 цаг ажилладаг хэмжигч төхөөрөмж зүүлгэж, цусны даралт ба идэвхтэй хөдөлгөөний хоорондын хамаарлыг судалсан байна.

Ингэхэд шатаар өгсөх, дугуй унах зэрэг өдөрт ердөө таван минутын хугацаатай дасгал хийхэд цусны даралт буурч байгаа нь харагджээ.

British Heart Foundation байгууллагын санхүүжүүлсэн судалгааны тайлан энэ долоо хоногт анагаах ухааны Circulation сэтгүүлд нийтлэгдсэн юм.

“Бидний судалгаанаас цусны даралт буурахад алхах мэтийн ачаалал багатай хөдөлгөөнөөс илүү эрчимтэй дасгал чухал болох нь харагдлаа. Сайн мэдээ нь гэвэл үүнд тийм урт хугацаа шаардлагагүй. Шатаар өгсөхөөс эхлээд богино зайд дугуй унах гэх мэт энгийн дасгалуудыг өдөр тутмын амьдралдаа нэвтрүүлснээр цусны даралтыг бууруулах боломжтой харагдаж байна” гэж Лондон Коллеж Их сургуулийн доктор, судлаачдын ахлагч Жо Блодгет тайлбарлажээ.

Дасгал огт хийдэггүй хүнд алхалт ч бас сайн нөлөө үзүүлж байгаа нь судалгаанаас харагдсан байна.

“Гэхдээ цусны даралтаа мэдэгдэхүйц бууруулахын тулд зүрх судасны үйл ажиллагаагаа эрчимтэй дасгалаар ачаалах нь илүү үр дүнтэй” гэж Блодгет зөвлөжээ.

Тэдний багийн судалгаанаас таван минутын дасгал бүр SBP (systolic blood pressure) үзүүлэлтийг 0.68 mmHg, DBP (diastolic blood pressure) үзүүлэлтийг 0.54 mmHg хэмжээгээр бууруулж байгаа нь тогтоогдсон байна.

SBP нь зүрх цус шахах үеийн даралтыг илэрхийлдэг дээд талын тоо бол DBP нь цохилт хооронд зүрх амрах үеийн даралтыг илэрхийлдэг доод талын тоо юм. SBP үзүүлэлтийг 2 mmHg, DBP үзүүлэлтийг 1 mmHg хэмжээгээр бууруулах нь зүрх судасны өвчний эрсдэлийг 10 орчим хувиар бууруулсантай тэнцдэг гэдэг.

“Цусны даралт ихсэх өвчин нь дэлхийн эрүүл мэндийн хамгийн том асуудлуудын нэг боловч эм уухаас өөр аргаар шийдвэрлэж болно. Өдөр бүр хамгийн богинодоо таван минутын хугацаанд эрчимтэй хөдлөх замаар цусны даралтаа удирдах боломжтой нь бидний судалгаанаас харагдлаа” гэж Сиднейн Их сургуулийн профессор Эммануэл Стаматакис дүгнэжээ.

 

Эх сурвалж: The Guardian