Баруун Африкийн Гана улсын ерөнхийлөгч Нана Акуфо-Аддо албан тушаалаасаа буухаас өмнө амжиж өөрийнхөө хөшөөг нээсэн нь ард иргэдийнхээ уур хилэнг бадраажээ.
Тэрбээр саяхан улсынхаа баруун бүс нутагт томилолтоор ажиллахдаа хөшөөнийхөө нээлтэд оролцсон юм байна.
Бүрэн эрхийнхээ хугацаанд ерөнхийлөгчийн удирдсан бүтээн байгуулалтын төсөл, ажлуудад хүндэтгэл үзүүлэх зорилгоор ийм хөшөөг босгосноо орон нутгийн захирагч Квабена Окере Дарко-Менса тайлбарлажээ.
Гэвч ганачууд ерөнхийлөгчийнхөө шинэ хөшөөг сошиал орчинд элэглэн шоолцгоож байна.
“Баруун бүсийн иргэд одоогийнхоосоо илүү сайхан амьдарч байх боломжтой байлаа” гэж сөрөг хүчний парламентын гишүүн Эммануэл Арма Кофи-Буа сошиал хуудсандаа харамсан бичжээ.
Хоёр бүрэн эрхийн хугацаанд ажилласан Акуфо-Аддо ирэх оны нэгдүгээр сард шинэ ерөнхийлөгчид үүрэгт ажлаа хүлээлгэж өгөх юм.
Тэрбээр өөрийнхөө амлалтыг 80 хувьтай биелсэн гэж үзэж байгаа гэнэ.
Ерөнхийлөгч ард түмэндээ баярлаж талархсанаа илэрхийлэх зорилготой айлчлалын хүрээнд Лхагва гарагт Эффиа-Нкванта бүс нутгийн төв эмнэлгийн өмнө босгосон өөрийн хөшөөний нээлтэд оролцжээ.
Нээлтийн үеэр орон нутгийн эрх баригчид баруун бүсийг хөгжүүлэхэд ерөнхийлөгчийнхөө оруулсан хувь нэмрийг магтаж байсан юм.
Гэвч жирийн ганачууд үүнтэй санал нийлэхгүй байлаа.
“Ерөнхийлөгч хойч үедээ өөрийнх нь ажлыг хүлээн зөвшөөрөх, үнэлэх боломж олгосон бол бахархмаар зүйл болох байлаа” гэж нэгэн сошиал хэрэглэгч бичжээ.
Зарим хэрэглэгчид ерөнхийлөгчийг албан тушаалаасаа буусны дараа хөшөөг нь буулгахыг уриалж байв.
80 настай Акуфо-Аддо ерөнхий боловсролын сургуулиудыг үнэ төлбөргүй болгосноо өөрийн хойч үедээ үлдээж буй хамгийн том өв гэж үзэж байгаа.
Тэрбээр энэ айлчлалынхаа үеэр бас ирэх сард болох парламентын сонгуульд эрх баригч Шинэ Эх оронч Намыг дэмжихийг иргэдэд уриалж байжээ.
Гана улс нь Африк тивийн хамгийн том алт олборлогч. Гэхдээ энэ жилийн сонгуулийн өрсөлдөөний хамгийн хурц сэдэв иргэдийн амьжиргааны өндөр өртөг болж байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!