Уншиж байна ...

Нийтийн тээврийн салбар 2.4 тэрбум төгрөгийн шатахуун, 4.7 тэрбумын сэлбэг, дугуй нөөцөлж өвөлд бэлджээ

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийтийн тээврийн салбар өвлийн улиралд хэрхэн үйлчлэх талаар албаны хүн өнөөдөр мэдээлэл өглөө.

Нийтийн Тээврийн Бодлогын Газрын/НТБГ/ Зорчигч тээврийн хэлтсийн дарга Б.Дөлгөөн "Нийтийн тээврийн салбарын 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгах Нийтийн Тээврийн Бодлогын Газрын болон Нийслэлийн Онцгой Байдлын Газрын төлөөлөл оролцсон хоёр ажлын хэсэг байгуулагдсан юм.

2024 оны аравдугаар сарын 22-24-ний өдрүүдэд Ажлын хэсгүүд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг 19 ААН, байгууллагын өвөлжилтийн бэлтгэлийг 18 үзүүлэлтээр шалгажээ.

Шалгалтад хамрагдсан эдгээр ААН-ийн дундаж үзүүлэлт 90.2%-тай байсан нь өнгөрсөн жилийнхээс 12%-аар өссөн байна.

Нийтийн тээврийн салбарт парк шинэчлэл хийгдсэнээр автобусны техникийн бэлэн байдал хангагдсан, машин цагийн зардлын тариф болон цалин хөлс нэмэгдсэн нь ажилтнууд тогтвор суурьшилтай ажиллаж, санхүүгийн байдал сайжирсан, ААН, байгууллагуудын техникийн болон материаллаг бааз өмнөх жилийнхээс сайжирсан гэж ажлын хэсгээс дүгнэсэн.

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч ААН, байгууллагын дулаан зогсоол, хүртээмж, гэрэлтүүлэг, агааржуулалт, засвар үйлчилгээний байрны тоног төхөөрөмжийн хангамж, технологийн картын дагуу байгаа эсэх, ажилтнуудыг өвлийн хувцсаар хангах, автобусны суудлын бүрээс, угаалга цэвэрлэгээг тогтмол хийдэг, техникийн засвар үйлчилгээг хуваарийн дагуу хийдэг, дулаацуулгын системийн ажиллагаа зэрэг 18 үзүүлэлтээр шалгасан юм. Эдгээр үзүүлэлтийг хангаагүй зарим тээврийн хэрэгслийг ААН, байгууллагад анхааруулж, улсын байцаагчийн албан шаардлагыг өгсөн байна.

Мөн автобусны сэлбэг хэрэгсэл, дугуй, аккумулятор, тос, тослох материалын нөөцийг шалгахад нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч ААН, байгууллагууд 2.4 тэрбум төгрөгийн шатахуун, ₮3.1 тэрбумын сэлбэг хэрэгсэл, 1.6 тэрбумын дугуй, 167 сая төгрөгийн аккумуляторыг нөөцөлжээ.

Харин хүний нөөцийн хувьд ААН, байгууллагууд зохих ёсны бүтцээр хангалттай. НОБГ-ын улсын байцаагч автобус болон баазуудын суурин, зөөврийн ШТС, барилга байгууламжуудын галын аюулгүй байдлыг хангасан эсэхийг шалгаж, илэрсэн зөрчлийг арилгах шаардлага өгсөн байна.

Шалгалтын тайланг хотын дарга болон Захирагчийн ажлын албанд хүргүүллээ" гэж мэдээллээ.

Нийслэлийн иргэдэд өдөр бүр 1,000 гаруй автобус үйлчилдэг байна. Тус салбар бодит байдал дээр хэрхэн үйлчилж буйг иргэд дүгнэх бизээ.