Япон улсын хамгийн өндөр оргил Фүжи ууланд өчигдөр цас орсон нь сүүлийн 130 жилийн түүхэнд байгаагүй оройтсон тохиолдол болжээ.
1894 оноос хойш тус улсын цаг уурын байгууллага жил бүр Фүжи ууланд анхны цас орсон өдрийг бүртгэж эхэлсэн юм байна.
Уг бүртгэлийг хөтөлдөг Кофу дахь цаг уурын ажиглалтын алба Пүрэв гарагийн өглөө далайн түвшнээс дээш 3,776 метрийн өндөр Фүжи уулын оройд анхны цас тогтсоныг мэдээлжээ.
Сүүлийн жилүүдэд уг уул жил тутмын дундаж хугацаанаас оройтож цасанд хучигдах болсон нь цаг уурчдын санааг зовоож байгаа.
“Удаан хүлээгдсэн цас орсныг хараад тайвширч байна. Фүжигийн оргил хэсгийн агаарын температур аравдугаар сарын турш өндөр байсан нь миний санааг зовоож байлаа” гэж Кофугийн ажиглалтын албаны мэргэжилтэн Маморү Мацүмото хэвлэлд ярьжээ.
Тухайлбал оргил хэсэгт өнгөрсөн оны аравдугаар сарын дундаж температур Цельсийн -2 хэм байсан бол энэ оных 1.6 хэм байсан юм байна.
Үүний улмаас хур тунадас унахдаа цас биш бороо болж байжээ.
Фүжи уулын орой дунджаар жил бүрийн аравдугаар сарын 2-ны өдөр ямар нэг хэмжээгээр цасанд хучигддаг байжээ. Өнгөрсөн онд энэ хугацаанаас хэтэрч, аравдугаар сарын 5-нд цас орсон юм байна.
Цас оройтож орсон нь энэ онд Японд түүхэндээ байгаагүй халуун зун болсонтой холбоотой гэнэ. Зургаагаас наймдугаар сарын хугацаанд Япон даяар агаарын дундаж температур жилийн дунджаасаа Цельсийн 1.76 хэмээр дулаан байжээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!