Уншиж байна ...

Трампын ялалтад Путин “баяр хүргэхгүй”

Т.Давааням, ikon.mn
1 цаг 44 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялсан тухай мэдээг Оросын эрх баригчид талархан хүлээж авч байсан.

Түүнийг Оросын ашиг сонирхолд нааштай хандана гэсэн итгэл найдвар тухайн үед давамгайлж байв.

Гэхдээ Трампын бодлого, үйл ажиллагаа Москвагийн төсөөлж байснаар болоогүй юм.

Тухайлбал тэр Оросын эсрэг хориг арга хэмжээг нэмэгдүүлж, Украины батлан хамгаалах хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд Javelin пуужингийн систем нийлүүлж байв.

Тэгвэл найман жилийн дараа Трампыг дахин Цагаан ордонд ирэхэд Кремльд харьцангуй нам гүм байна.

Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон, Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху, НАТО-гийн тэргүүн Марк Рютте, БНХАУ-ын дарга Ши Жиньпин зэрэг удирдагчид Трампын ялалтад баяр хүргэсэн бол тэдний дунд ОХУ-ын ерөнхийлөгч Путин байсангүй.

2016 онд эсрэгээрээ Путин түүнд түрүүлж баяр хүргэсэн дэлхийн улс орнуудын удирдагчдын нэг байсан юм.

Лхагва гарагт сэтгүүлчидтэй уулзахдаа Кремлийн хэвлэлийн албаны төлөөлөгч Дмитрий Песков “Манай улсын эсрэг дайнд шууд болон шууд бусаар оролцож буй найрсаг бус харилцаатай орнуудын талаар ярьж байгаагаа бид мартаж болохгүй” гэж мэдэгджээ.

АНУ-ын шинэ ерөнхийлөгчид ойрын үед баяр хүргэх төлөвлөгөө Путинд байхгүй, харин ямар үйл ажиллагаа явуулахыг нь харахыг илүүд үзэж байгааг Песков нэмж хэлсэн байна.

“Зууван танхимд (Цагаан ордон дахь ерөнхийлөгчийн ажлын өрөө) очихоороо өөрөөр ярьж эхэлдэг тал бий. Тиймээс бид бүх зүйлийг сайтар судалж, ажиглаж, тодорхой үг, тодорхой үйлдлээс дүгнэх болно” гэж Песков хэлжээ.

Эсрэгээрээ Украины ерөнхийлөгч Володимир Зеленский “гайхамшигтай ялалт” байгуулсан АНУ-ын шинэ ерөнхийлөгчид шуурхайлан баяр хүргэсэн юм.

Москвад төвтэй Олон Улсын Харилцаа, Хамтын Ажиллагааны Төвийн үүсгэн байгуулагч Алексей Малинин америкчууд дотоодын асуудлаа дэлхийн хэмжээний асуудлаас дээгүүр тавьж буйн илрэл нь Трампын ялалт болсныг тайлбарлажээ.

“Мэдээж гэхдээ тэр гадаад бодлогыг орхихгүй. Өөрийнх нь засаглалын үед дайн гарахгүйг тэр хэдийнээ мэдэгдээд байгаа. Үүнд нь Украин, Ойрх Дорнодын мөргөлдөөнийг төгсгөх төлөвлөгөө багтаж байгаа байх” гэж тэр ярьсан байна.

Гэхдээ Вашингтоны гадаад бодлогыг өөрчлөх Трампын чадвар боломжид хэт найдаад хэрэггүйг Малинин бас анхааруулсан юм.

Бүгд Найрамдах нам Конгресст олонх болсон ч ялгаагүй гэнэ.

Одоогоор Бүгд Найрамдахчууд Сенатын танхимд олонх болсон ч Төлөөлөгчдийн Танхимын үр дүн хүлээгдэж байгаа.

“Миний бодлоор баярлахад хэтэрхий эрт байна” гэж Малинин хэлжээ.

Тухайлбал Украины дайныг Трамп ганцаараа дуусгах боломжгүй гэж тэр үзэж байна.

“Оросын тавьсан ямар ч шахалт шаардлагаар дайныг дуусгах боломжгүй гэж би үзэж байна. АНУ-аас гадна Европ дахь Украины олон түншүүд үүн дээр санал нэгдэх хэрэгтэй болно. Өнгөрсөн хугацаанд ийм их мөнгө зарцуулсан нь дэмий хоосон зүйл байсан гэж үү? гэж тэд асуух нь тодорхой” гэж Малинин тайлбарлажээ.

Гэхдээ бас Трампыг Америк-Оросын харилцааг өөрчлөх байх гэсэн найдлага тасрахгүй байна.

ОХУ-ын ерөнхийлөгч асан Дмитрий Медведев “Трампын хувьд бидэнд ашигтай нэг чанар бий. Бизнесмэн хүнийхээ хувьд тэр тэнэг холбоотнууд, олон улсын байгууллагуудын ивээн тэтгэдэг тэнэг төслүүдэд мөнгө үрэх дургүй. Бандерагийн Украин яг тэдний нэг хэсэг юм. Тэд дайны зардалд Трампаар хэр их мөнгө гаргуулж чадах нь гол асуулт. Трамп зөрүүд ч гэсэн тэдний систем нь илүү хүчтэй” гэж Телеграм хуудсандаа бичжээ.

Улс төр судлаач Илья Гамбашидзе бас энэ санааг давтахдаа Трампыг дайнаас илүү худалдаа наймааг дээдэлдэг “жинхэнэ бизнесмэн” гэж дүгнэсэн байна.

“Олон хүн Трампыг Оросыг дэмжигч, бүр Путиний найз гэж ярьдаг. Гэхдээ бидэнд түүний ийм дүр огт хэрэггүй. Бид түүнийг Оросын найз нөхөр болно гэж найдахгүй байна. Орос улсад Трампын өрөвч нинжин сэтгэл, дэмжлэг хэрэггүй” гэж тэр хэлжээ.

Гамбашидзе цааш нь ярихдаа “Тэр АНУ-ын эдийн засаг, нийгмийн асуудалд анхаарлаа хандуулахад л хангалттай. Энэ нь Оростой сөргөлдөхөөс зайлсхийж, бүтээлч, прагматик харилцаанд шилжих нөхцөл болно. Бид АНУ-ын шинэ ерөнхийлөгчид дайн биш, худалдаа хий, тэгвэл бүх зүйл сайхан болно гэж хэлмээр байна” гэсэн юм.

Беркли дэх Калифорнийн Их сургуулийн зочин судлаач, Оросын түүхч Илья Будрайцкис “Трамп гадаад бодлогоо хэнд хариуцуулахаас их зүйл шалтгаална. Хэрвээ дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс хариуцвал Москвад харьцангуй боломж гарах байх. Харин Никки Хэйли (Трампын өмнөх засаглалын үед НҮБ-д АНУ-ыг төлөөлж байсан) шиг хатуу чиг шугам баримтлагч хариуцвал Оросын харилцаа хүндэрнэ” гэж ярьжээ.

Бас Трампын Оростой харилцах харилцаанд Хятад, Иран зэрэг орнуудын харилцаа нөлөөлөхийг тэр хэлсэн байна.

“Бид зургийг томоор харах хэрэгтэй. Хятад улсыг Трамп өөрийн стратегийн гол өрсөлдөгч гэж үздэг. Бас Иранд илүү хатуу хандах төлөвтэй байгаа” гэж Будрайцкис тайлбарлажээ.

 

Эх сурвалж: Aljazeera