Уншиж байна ...
Зураг
Зураг

М.Балдандорж: Бөөрөлжүүтийн болон 50МВТ-ын батарей станцыг энэ сард төвийн системд залгаж өвлийг хэвийн давна

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын явц 98.5 хувьд хүрчээ.

Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албаны/УБЗАА/ Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга М.Балдандорж "Энэ жил нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд 654 төсөл арга хэмжээ хэрэгжлээ. Одоогийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл 98.5%-тай байна.

Улаанбаатар хотын олон байршилд төвлөрсөн дулааны шугамыг иж бүрнээр солих ажил хийгдэж, нөхөн сэргээлтийн ажил хоцрогдолтой байсан ч иргэн, ААН-ийн халаалт бүрэн залгагдсан.

Есдүгээр сарын 15-наас хойш шугам сүлжээний ашиглалтын 20 орчим гэмтэл гарлаа. Энэ нь Улаанбаатар хот дэд бүтцээ анхаарч, сайжруулах шаардлагатайг харуулж байна.

Цахилгаан эрчим хүчний дутагдлыг бууруулахаар анх удаа 70 орчим хуульд өөрчлөлт оруулж, эрчим хүчний эх үүсвэрт хөрөнгө оруулалт хийлээ. Тодруулбал Бөөрөлжүүтийн цахилгаан станц, 50МВТ-ын батарей хураагуурын станцыг 11 дүгээр сард төвийн системд залган өвлийг хэвийн давахаар бэлтгэл ажил үргэлжилж байна.

Зам, талбайн цас мөсийг хайлуулах 6,100 тонн давс, 4,400 тонн бодис нөөцөлсөн. Энэ сард тодорхой санхүүжилтээр 1,500 тонн бодис нэмж нийлүүлэх тендер зарлагдсан, нийлүүлэлт хүлээгдэж байна.

Шахмал түлшний 43 агуулахад 82,500 тонн түлш нөөцөлсөн бөгөөд гурван маршрутаар 27 байгууллагын 237 тээврийн хэрэгсэл 136,500 тонн түлшийг 545 борлуулах цэгт хүргэсэн байна" гэж мэдээллээ.

Багануурын дэд станцын дэргэд 50 МВт-ын батарей хураагуурын станцыг нийслэлээс гаргасан бондын 300 орчим тэрбум төгрөгөөр БНХАУ-ын “Энвижн” компани барьж байгаа бөгөөд туслан гүйцэтгэгчээр дотоодын “Монхорус Интернэшнл” компани ажиллаж байгаа билээ.