Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Чэн: Монголд байгуулагдах батарей хураагуурын станц 20-оос дээш жил ажиллана

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 9 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Багануур дүүрэгт 50 МВт-ын батарейн станц барих тендерт шалгарсан БНХАУ-ын "Энвижн Энержи" компанийн төлөөлөл өнөөдөр эхлүүлэх гэж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өглөө. Уг станц энэ оны 11 дүгээр сарын 30-нд төвийн системд эрчим хүч нийлүүлж эхлэх юм байна.

БНХАУ-ын "Энвижн Энержи" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чэн "Энвижн Энержи компани нь сэргээгдэх эрчим хүчний салбарт дэлхийд танигдсан компани. БНХАУ болон олон улсад батарейн станцыг суурилуулж байсан туршлагатай.

Багануурын батарейн станцыг байгуулах нь хугацааны хувьд шахуу байгаа ч Улаанбаатар хотоос тендерт тавьсан шаардлагын дагуу хугацаанд нь өндөр чанартай гүйцэтгэж чадна.

Бусад сэргээгдэх эрчим хүчний технологитой харьцуулахад батарей хураагуурын станц нь богино хугацаанд суурилуулах боломжтой. Урьдчилан төлөвлөсөн схемийн дагуу ажиллах хугацаа нь богино байдаг юм.

Манай компанийн өөрсдийн боловсруулсан технологийн дагуу гаргасан батарейн нэгжүүд нь хамгийн үр ашигтай ажилладгаараа давуу талтай.

Засвар, үйлчилгээг тогтмол хугацаанд хийсэн тохиолдолд батарейн станц 20-оос дээш жил ажиллах бүрэн боломжтой" гэж сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

Багануур дүүрэгт байгуулагдах батарей хураагуурын станцыг ашиглалтад орохоор нь нийслэлийн өмчид бүртгэх бөгөөд хоёр жилийн хугацаанд инженер, техникийн ажилтнуудыг бэлтгэж, арчлалтыг хариуцах аж.

Нар, салхинаас нийлүүлэгдэж буй эрчим хүч байгалийн нөхцөл байдлаас шалтгаалж төвийн эрчим хүчний системд хэлбэлзэлтэй нийлүүлэгддэг бол батарей хураагуурын станц тогтмол эрчим хүчийг нийлүүлдэг байна.