Уншиж байна ...
Зураг
Зураг

2024 он дэлхийн дулаарлын анхааруулах босгыг давсан анхны жил болох төлөвтэй байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг зураг

2024 он дэлхий даяар хэт халалт, далайн хар салхи зэрэг байгалийн гамшигт үзэгдлээр дүүрэн жил болж байна.

Энэ өөрчлөлтөд хүн төрөлхтний үйл ажиллагаа голлон нөлөөлж, Эль Ниньо гэх байгаль, цаг уурын үзэгдэл харьцангуй бага нөлөөлсөн гэж судлаачид үзэж байгаа. 2015 оны Парисын гэрээгээр 200 орчим улс дэлхийн агаарын дундаж температурын өсөлтийг аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад Цельсийн 1.5 хэмээс хэтрүүлэхгүй байх амлалтад нэгдсэн.

Тэгвэл энэхүү анхааруулах босгыг давсан анхны жил 2024 он болох төлөвтэй байгааг Европын судлаачид өчигдөр мэдээлжээ.

2024 оны эхний 10 сарын дэлхийн агаарын дундаж температур тогтмол өндөр байсан бөгөөд үлдсэн хоёр сард эрс хүйтрэхгүй л бол дээрх босго үзүүлэлтийг давахаар байгаа гэнэ.

Тухайлбал 2024 оны дэлхийн дундаж температур аж үйлдвэржилтийн өмнөх үеийн дунджаас Цельсийн 1.55 хэмээр давах тооцоог Европын Коперникус Уур Амьсгалын Өөрчлөлтийн алба өчигдөр мэдээлжээ.

Аж үйлдвэржилтийн өмнөх үе гэдэг нь 1850-1900 оны үе юм.

Энэ үеэс хойш дэлхий даяар аж үйлдвэржилт эрчимжиж, хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй агаарын халалт нэмэгдэж эхэлсэн гэдэг.

Өнгөрсөн онд дэлхийн дулаарлын өсөлт Цельсийн 1.48 хэм хүрсэн юм. Тэгвэл энэ онд 1.5 хэмийг давах тооцоо гарсан байна.

Гэхдээ 1.5 хэмийн босгыг давсан нь Парисын зорилт биелэх боломжгүй болсон гэсэн үг биш.

Үүнийг сүүлийн 20 жилийн дундаж температур дээр үндэслэн гаргадаг тул өсөлтийг сааруулах хугацаа бидэнд байгаа гэсэн үг юм байна.

Гэхдээ жил бүр 1.5 хэмийн босгыг давсаар байвал буцаах боломж улам багасна.

2024 оны халалтыг тодорхой хэдэн жил тутамд давтагддаг Эль Ниньо цаг уурын үзэгдэлтэй холбон тайлбарлаж байгаа.

Энэ нь Номхон далайн зүүн хэсгийн мандал дээрх температур хэвийн үеэсээ илүү халснаас нийт дэлхий даяар агаарын температурыг өсгөдөг үзэгдэл юм.

Энэ удаагийн Эль Ниньо 2023 оны дундаас эхэлж, 2024 оны дөрөвдүгээр сард дууссан гэж судлаачид үзэж байна.

Гэхдээ л температур өндөр хэвээр байгаа юм.

Удахгүй эхлэх Ла Ниньа цаг уурын үзэгдэл ирэх оноос дэлхийн агаарын халалтыг бууруулна гэдэгт судлаачид найдаж байна.

Эль Ниньогийн дараа дэлхийн агаарын температур буурах үзэгдлийг Ла Ниньа гэж нэрлэдэг.

 

Эх сурвалж: BBC